Тус арга хэмжээнд Монголын Барилгын Инженерүүдийн Холбоог (МБИХ) Дэд ерөнхийлөгч А.Ичинхорлоо, Гадаад харилцааны хорооны дарга К. Мурат, Удирдах зөвлөлийн гишүүн Н. Эрдэнэсүрэн болон гишүүн байгууллага болох “Өлзий Иш” ХХК-ийн инженер М.Уранбилэг нар төлөөлөн оролцож байна.
10 дугаар сарын 28-ны өдөр АБИЗЗ-ийн Гүйцэтгэх Хорооны 51 дүгээр хурал болж, гишүүн байгууллагуудын төлөөлөгчид бүс нутгийн барилгын инженерчлэлийн салбарын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн оролцогчид инженерийн байгууламжийн үйл ажиллагаатай танилцах техникийн аялалд хамрагдаж, орой нь угтан авах хүлээн авалтад оролцлоо.
10 дугаар сарын 29-ний өдөр CICHE 2026 олон улсын форум зохион байгуулагдаж, тогтвортой дэд бүтэц, барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, дижитал шилжилт ба хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүд болон техникийн салбар хуралдаанууд өрнөлөө. Тус форум нь барилгын инженерчлэлийн салбарын шинэ технологи, туршлага, мэдлэгийг харилцан солилцох чухал боломж болж байна.
Мөн 2027 онд зохион байгуулагдах АБИЗЗ-ийн Гүйцэтгэх Хорооны 53 дугаар хурлыг (ACECC 53rd ECM) зохион байгуулах эрхийн төлөөх сонгон шалгаруулалтад МБИХ-ны Гадаад харилцааны хорооны дарга К. Мурат холбооны нэрийн өмнөөс санал, танилцуулга хийж, бусад гишүүн орнуудтай өрсөлдөн амжилттай сонгогдсоноор хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг авлаа. Ингэснээр тус хурлыг гурав дахь удаагаа эх орондоо зохион байгуулах боломж бүрдэж, Монголын барилгын инженерчлэлийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний инженерүүдийн мэдлэг, туршлагыг бүс нутгийн хэмжээнд таниулах чухал алхам болох юм.