Энэ оны 2 дугаар сарын байдлаар Монгол Улсад барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй 360 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бөгөөд нийт зураг төслийн байгууллагуудын 80 орчим хувь нь 10 хүртэл тооны ажилтантай жижиг аж ахуйн нэгжүүд юм байна. Зураг төсөл боловсруулах ажлын голыг нугалж байгаа энэ 80 орчим хувьд ажиллаж байгаа инженер техникийн нийт ажилтнууд, тэдний дотор залуу инженерүүдэд өөрсдийн мэргэжлийн ур чадварыг тогтвортой дээшлүүлэхэд бидний 2 хүндрэл бэрхшээл байдаг.
Мөн зөвхөн залуу инженерүүдээр хязгаарлагдахгүй ахмад туршлагатай инженерүүдийн дунд ч барилгын бүтээц төсөллөлтийн талаар зөрүүтэй ойлголт байдгаас гадна харамсалтай нь монголчууд бидний дунд бодитой оршин байдаг бусдыгаа үгүйсгэх үзэл санаа маань салбарын хөгжилд тодорхой хэмжээгээр чөдөр тушаа болж байна. Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбарын хөгжлийн хурдац болон дэлхий дахины мэдээлийн технологийн хөгжлийн хурдацтай уялдан барилгын төрөл бүрийн шинэ бүтээц нэвтрэх болсон нь залуу инженерүүд төдийгүй ахмад, туршлагатай инженерүүдэд хүртэл ур чадвараа дээшлүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа нь энэ талаар МБИХ-ны энэ оны уулзалтын үеэр нэлээд хүмүүс санал тавьснаас харагдаж байна. Энэ байдлыг шийдвэрлэхэд бага ч болов нэмэр болох зорилгоор МБИХ-ны дэргэд тогтмол ажиллагаатай “БАРИЛГЫН КОНСТРУКТОР ИНЖЕНЕРҮҮДИЙН КЛУБ” байгуулах болсон.