“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо" ТББ нийгмийн
хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, барилгын
салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор 2022
оноос Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт
хөтөлбөрийг зарладаг уламжлалтай болсон билээ. 2024-2025 оны хичээлийн жилд
зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт төрийн болон хувийн өмчийн барилгын
салбарын инженер бэлтгэдэг их дээд сургуулийн 10 гаруй оюутнууд материалаа
ирүүлсэн бөгөөд тэдгээрээс ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн Иргэний ба
үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр суралцаж буй III курсын оюутан Цогзолхүүгийн Мөнх-Үйлс сургалтын төлбөрийн
100 хувийн тэтгэлэг, III курсын
оюутан Цэрэндуламын Бат-Ирээдүй сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг авахаар
шалгарч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батламжаа гардаж авлаа.
Оюутны тэтгэлэг батламж гардуулах арга хэмжээнд “Монголын
Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Б.Гантулга, Дэд ерөнхийлөгч
С.Пүрэвдорж, ШУТИС-ы Барилга Архитектурын Сургуулийн захирал, профессор
Б.Нарантуяа, дэд захирал Ж.Амарбаяр, ахлах
багш
Аюурзана нар оролцож тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сурлага хөдөлмөрийн өндөр
амжилт хүсч, улс эх орноо хөгжүүлэх үйлсэд хичээн зүтгэхийг захилаа.
“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-н нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд ирээдүйн барилгын салбарын инженерүүдийг хөгжүүлэх, тэдний сурах хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор өөрийн санхүүжилтаасаа хүртээж буй оюуны хөрөнгө оруулалт болдгоороо онцлог үйл ажиллагаа юм.
Нийтэлсэн: 2024-12-19