• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ДАВТАН СУРГАЛТ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ

Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 200 дугаар тушаалын хавсралт

БАРИЛГЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ ДАВТАН СУРГАЛТ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын барилгын салбарын ажилтнуудын мэдлэг, мэргэшлийг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, онолын мэдлэг, практикийн дадлага олгох замаар давтан сургах, салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

1.2.Монгол Улсын барилгын салбарын мэргэжилтний /цаашид “мэргэжилтэн” гэх/ давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэшлийн зэрэг олгохтой холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулна.

1.3.Энэ журмын 1.1-д заасан мэргэжлийн зэрэг олгох гэдэг нь инженер, архитектор, төсөвчинд хамаарах бөгөөд инженер, архитектор нь мэргэшсэн ба зөвлөх, төсөвчин нь мэргэшсэн ба тэргүүлэх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.

1.4.Мэргэжилтэн мэдлэг, ур чадвараа сайжруулан хөгжүүлэхэд чиглэсэн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг багц цагаар, давтан сургалтын үндсэн дээр зохион байгуулна.

Хоёр. Мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, түүнд тавих шаардлага

2.1.“Мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, түүнд тавигдах шаардлага”-ыг мэргэжилтний ур чадварын түвшин, гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, чиглэл, төвөгшил зэргийг харгалзан энэ дүрмийн нэгдүгээр хавсралтад зааснаар тогтооно.

Гурав. Сургалт, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт

3.1.Мэргэжилтний давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “зохион байгуулагч байгууллага” гэх/ зохион байгуулна.

3.2.Барилгын салбарын ажилтны тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох асуудлыг Барилгын тухай хуулийн 44. 2-т заасан “Барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох орон тооны бус зөвлөл” /цаашид “Зөвлөл” гэх/ хариуцна.

3.3.Энэ дүрмийн 3.1-д заасан сургалт зохион байгуулах чиг үүргийг Барилгын тухай хуулийн 34. 2, 36.1, 44.7-д заасныг үндэслэн төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.

3.4.Мэргэжилтний давтан сургалт болон мэргэжил дээшлүүлэх сургалтыг Барилгын тухай хуулийн 44.7-д заасныг үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр салбарын төрийн бус, мэргэжлийн байгууллагаар /цаашид “сургалт эрхлэгч байгууллага” гэх/ гэрээгээр гүйцэтгүүлж болно.

3.5.Зохион байгуулагч байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.5.1.мэргэжил дээшлүүлэх сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

3.5.2.Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах;

3.5.3.заавал суралцах багц цагийн сургалтын агуулга, тухайн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө /заавал болон сонгон суралцах багц цагийн/, шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний төслийг боловсруулж Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах;

3.5.4.сургалтын хөтөлбөрийг Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах;

3.5.5.сургалтын хөтөлбөр, агуулгатай уялдуулан сургалтын төлбөрийн жишиг хэмжээг тогтоох саналыг Зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх;

3.5.6.мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтын сэдэв, асуулт, бодлого, загварчлал, даалгаврыг боловсруулах тестийн нэгдсэн санг тогтмол шинэчлэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

3.5.7.тестийн нэгдсэн сан, реферат бичих заавар, рефератын сэдэв, зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн орчин цагийн дэвшилтэт технологийн болон тусгайлсан рефератын сэдэв болон шалгалтын комиссын бүрэлдэхүүний талаар санал боловсруулж зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах;

3.5.8.Их, дээд сургуулийг барилгын салбарын шинэ мэргэжлийн чиглэлээр төгссөн мэргэжилтний зэрэг горилох хүрээг нэмэгдүүлэх асуудлаар санал боловсруулан Зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

3.5.9.сургалтын эрхлэгч байгууллагын сургалтын явцтай танилцах, үйл ажиллагаанд хяналт тавих, сургалтын тайланг хүлээн авч дүн шинжилгээ хийх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

3.5.10.мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтад орох хүсэлт гаргасан мэргэжилтний материалыг хүлээн авч, шалгалтыг зохион байгуулах, шалгалтын дүнг Зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах;

3.5.11.мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан болон мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтний талаарх нэгдсэн мэдээллийн санг хөтөлж, мэдээлэл, лавлагаагаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх;

3.5.12.мэргэшсэн болон зөвлөх зэрэгтэй мэргэжилтэн нь зэрэгтэй мэргэжилтний сургалтаар болон бие даасан хэлбэрээр багц цаг бүрдүүлсэн тухай мэдээлэл, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор хүлээн авч, нэгдсэн бүртгэлийг хөтөлж, Зөвлөлд танилцуулах;

3.5.13.холбогдох тайлан, мэдээг боловсруулж Зөвлөлд хүргүүлэх, сургалт, шалгалтын материалаар архивын нэгж үүсгэн хадгалах;

3.5.14.мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж Зөвлөлд хүргүүлэх;

3.5.15.энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу мэргэшлийн зэргийн гэрчилгээ, тэмдэг олгох.

3.6.Сургалт эрхлэгч байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.6.1.давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх гэрээг Барилгын тухай хуулийн 36.1-д заасны дагуу байгуулж ажиллах;

3.6.2.зохион байгуулах багц цагийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргаж зохион байгуулагч байгууллагад 12 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх;

3.6.3.зохион байгуулсан багц цагийн сургалтын агуулгаар 30-аас доошгүй шалгалтын тест боловсруулж зохион байгуулагч байгууллагад тухайн сургалтын тайлангийн хамт хүргүүлэх.

3.6.4.сургалтад оролцож, шаардлагатай багц цаг хангасан сургалтын тайланг сургалт дууссанаас хойш ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулагч байгууллагад хүргүүлэх;

3.6.5.гэрээний үндсэн дээр зохион байгуулах багц цагийн сургалтад энэ дүрмийн хавсралт 1-д заасан шаардлагыг хангасан мэргэжилтэнг бүртгэх, материалын бүрдэл, эх сурвалжид хяналт тавих;

3.6.6.сургалтыг зориулалтын анги, танхимд зохион байгуулах, материал, тоног төхөөрөмжөөр хангах;

3.6.7.Зөвлөлөөс болон зохион байгуулагч байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмж, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах;

3.6.8.багц цагийн сургалтын талаар судалгаа хийх, дотоод хяналт тавих, санал асуулга авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллах;

3.6.7.зохион байгуулсан сургалтын материалыг архивын нэгж болгон хадгалах;

3.6.8.мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, зохион байгуулагч байгууллагад хүргүүлэх.

3.7.Зохион байгуулагч байгууллага энэ дүрмийн 3.4-т заасны дагуу сургалт эрхлэгч байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж болно. Энэ тохиолдолд энэ дүрмийн 3.6-д заасан чиг үүргийг мөн адил хэрэгжүүлнэ.

3.8.Сургалт нь тухайн мэргэжилтний мэргэшлийн зэрэгтэй уялдаж, салбарын эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, агуулгын хувьд суралцагсдад онолын болон дадлагын мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн байна.

3.9.Сургалтын хөтөлбөрт сургалтын нэр, төрөл, мэргэшүүлэх чиглэл, зорилго, агуулга, арга зүй, цагийн багтаамж, олгогдох багц цаг, санхүүжилт, төлбөрийн хэмжээ, сургагч багшид тавигдах шаардлага, сургалтад хамрагдах мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, тоо, сургалт явагдах газар, хугацаа, сургалтын хэрэглэгдэхүүн /гарын авлага, тараах материал/, шалгалтын хэлбэрийг тусгасан байна.

3.10.Сургалтын төлөвлөгөөг жил бүр шинэчлэн боловсруулах ба түүнд сургалтын төрөл, чиглэл, сэдэв, сургалт эрхлэх хэлбэр, хугацааг нарийвчлан тусгана. Сургалт нь заавал болон сонгон сурах гэсэн 2 төрөлтэй байна.

3.11.Сургалтын хичээл заах багш нь магистр, түүнээс дээш зэрэгтэй, багшлах туршлагатай байна.

3.12.Зохион байгуулагч байгууллага нь салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалт зохион байгуулах журам болон мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалт зохион байгуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлнэ.

Дөрөв. Мэргэшлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагаа

4.1.Мэргэжилтний мэргэшсэн зэргийг 3 жил, зөвлөх, тэргүүлэх зэргийг 5 жилийн хугацаагаар тус тус олгоно.

4.2.Мэргэшсэн, зөвлөх, тэргүүлэх зэргийг тус бүр 2 удаа сунгаснаар хугацаагүй эрхтэйд тооцно

4.3.Доорхи шаардлагыг хангасан нь холбогдох мэргэжлийн зөвлөл, шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлэгдсэн бол Зөвлөлийн шийдвэрээр энэ дүрмийн 4.1-д заасан хугацаанаас өмнө мэргэжилтний зэргийг олгож болно. Үүнд:

•  барилгын үйлдвэрлэлд технологийн шинэ дэвшил гаргасан;

•  улс орны болон салбарын хэмжээний тулгамдсан зорилтыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл боловсруулж түүнийг гардан хэрэгжүүлж бодитой үр дүн гаргасан;

•  энэ дүрмийн нэгдүгээр хавсралт “Барилгын салбарын мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, тавигдах шаардлага”-д заасан тавигдах шаардлагад заасан норм, нормативийн баримт бичгийг 3-аас илүү боловсруулж батлуулсан. 4.4.Сургалтын жилийн төлөвлөгөөний дагуу мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан этгээд мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалтад орох хүсэлтээ зохион байгуулагч байгууллагад шалгалт зохион байгуулахаас 30 хоногийн өмнө хүсэлт гаргасан байна.

4.5.Зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь дараах баримт, бичгийг бүрдүүлж зохион байгуулагч байгууллагад ирүүлнэ. Үүнд:

4.5.1.мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтад орохыг хүссэн өргөдөл;

4.5.2.иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар;

4.5.3.анкет /батлагдсан маягтын дагуу/;

4.5.4.3х4 хэмжээтэй 2 хувь зураг;

4.5.5.мэргэжлийн дипломын хуулбар /хэрэв гадаадад боловсрол эзэмшсэн бол баталгаат орчуулгыг хавсаргах/;

4.5.6.мэргэжил дээшлүүлсэн сургалтын гэрчилгээний хуулбар /багц цаг тооцсон сургалтын гэрчилгээ/;

4.5.7.энэ дүрмийн нэгдүгээр хавсралт “Барилгын салбарын мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, тавигдах шаардлага”-д заасан тавигдах шаардлагыг болон энэ дүрмийн тавд заасан багц цагийг хангаж байгаа талаарх холбогдох материал.

4.6.Сургалт эрхлэгч байгууллага сургалтын төлөвлөгөөний дагуу өөрийн хариуцсан чиглэлийн сургалтыг зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан иргэдийн материалыг зохион байгуулагч байгууллагад хүргүүлнэ.

4.7.Зохион байгуулагч байгууллага холбогдох материалыг Зөвлөлд танилцуулж, Зөвлөлийн гаргасан шийдвэрийг Зөвлөлийн даргын тушаалаар баталгаажуулж, шийдвэрлүүлнэ.

4.8.Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэнд гэрчилгээ, хувийн тэмдэг олгоно. Энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасны дагуу мэргэшлийн зэргийн гэрчилгээ, хувийн тэмдэгт эзэмшигчийн нэр, бүртгэлийн дугаар, зэргийн хүчинтэй байх хугацааг заана. Гэрчилгээнд тухайн мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтний үйл ажиллагааны хүрээг тодорхойлж заасан байна.

4.9.Мэргэжилтэн 2 жил дараалан сургалтын багц цагаа хангаагүй, мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацаа хэтэрсэн, мэргэшлийн зэрэг сунгах шалгалтад ороогүй, эсхүл шалгалтад тэнцээгүй, мэргэжлийн алдаа дутагдал гаргасныг эрх бүхий байгуулагаас тогтоосон, мэргэжлийн ёс зүйн дүрэм, стандартыг зөрчсөн бол зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэргийг Зөвлөлөөс хүчингүй болгоно.

4.10.Мэргэшлийн зэргийн гэрчилгээ, хувийн тэмдгийг үрэгдүүлсэн нөхцөлд холбогдох нотлох баримт, мэргэшлийн зэрэг олгосон шийдвэрийг тус тус үндэслэн зохион байгуулагч байгууллагаас нөхөн олгоно.

4.11.Мэргэжлийн зэрэг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдон гарсан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлнэ.

Тав. Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын багц цаг тооцох

5.1.Барилгын салбарын ажилтны давтан сургалтыг мэргэжилтэн сургалтаар болон бие даасан хэлбэрээр тасралтгүй мэргэжил, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ.

5.2.Мэргэшлийн зэргийн сургалтыг заавал болон сонгон сурах багц цагийн сургалтын хэлбэрээр хэрэгжүүлнэ. Сургалтын багтаамжийг багц цагаар хэмжинэ.

5.3.Мэргэжилтэн жил бүр 5-аас доошгүй багц цагийн сургалтад хамрагдсан байх бөгөөд сургалтын болон сургалтын бус хэлбэрээр сургалтын багц цагийг хангана.

5.4.Сургалтын хэлбэрээр багц цагийг тооцохдоо 8 цагийн хичээлийг мэргэжил дээшлүүлэх сургалтын 1 багц цаг, дадлага сургалтын 16-аас доошгүй цагийн хичээлийг сургалтын 1 багц цаг гэж тус тус тооцно. Нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 45 минут байна.

5.5.Мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь бүтээлийн тайлангаа Загвар №1-ийн дагуу гаргаж харъяа байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал болон өөрийн мэргэжлийн чиглэлээр зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй 2-оос доошгүй мэргэжилтнээр баталгаажуулан, холбогдох материалын хамт зохион байгуулагч байгууллагад ирүүлнэ.

5.6.Мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь мэргэжил дээшлүүлсэн тайлангаа бодит цагийн хэмжээ болон багц цагаар тооцож Загвар №2-ын дагуу гаргаж холбогдох сургалт зохион байгуулсан болон холбогдох байгууллагаар баталгаажуулан холбогдох материалын хамт зохион байгуулагч байгууллагад ирүүлнэ.



5.7.Бие даасан хэлбэрээр багц цагийг тооцохдоо дараах журмыг баримтална:

5.7.1.салбарын чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдон ажилласан бол 2 багц цаг;

5.7.2.хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төслийг боловсруулж, батлуулсан, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн бол 4 багц цаг;

5.7.3.салбарын чиглэлээр норм, дүрэм, стандартын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн нормативын баримт бичиг нь батлагдсан бол 4 багц цаг;

5.7.4.гарын авлага, мэргэжлийн ном, нэг сэдэвт бүтээл зохиож нийтлүүлсэн бол 4 багц цаг;

5.7.5.мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн бол 1 багц цаг;

5.7.6.тухайн жилд магистрын зэрэг хамгаалсан, хамгаалсан сэдвийн чиглэл нь мэргэшлийн хүрээнд нийцсэн бол 4 багц цаг;

5.7.7.тухайн жилд доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан, хамгаалсан сэдвийн чиглэл нь мэргэшлийн хүрээнд нийцсэн бол 8 багц цаг;

5.7.8.салбарын чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулж батлуулсан, түүнд оролцсон бол 1 багц цаг;

5.7.9.сургалтын хөтөлбөр боловсруулсан, мэргэжил дээшлүүлэх сургалтад багшаар оролцон хичээл заасан бол хичээлийн 4 цаг тутамд 1 багц цаг.

5.8.Мэргэшсэн зэрэг горилох мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь сургалтын хэлбэрээр 10 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 5 багц цаг, сонгон суралцах 5 багц цагаас бүрдэнэ.

5.9.Мэргэшсэн зэрэг сунгах мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр 10 багц цагийг /заавал суралцах 5 багц, сонгон суралцах 5 багц/, бие даасан хэлбэрээр 5 багц цагийг бүрдүүлнэ.

5.10.Зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь энэ дүрмийн 4.1 дэх заалтын дагуу мэргэшсэн зэрэг нь хугацаагүй эрхтэй болсноос хойш 3 жилийн хугацаанд заавал суралцах сургалтын 3 багц цагийг хангана. Хэрэв хугацаа нь 3-аас дээш жил болсон тохиолдолд 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 5 багц цаг, сонгон суралцах 5 багц цаг, бие даасан хэлбэрээр 5 багц цагийг бүрдүүлнэ.

5.11.Зөвлөх, тэргүүлэх зэрэг сунгах мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь зэргийн хүчинтэй хугацаандаа 15 багц цагийг хангасан байна. Үүнээс сургалтын хэлбэрээр заавал суралцах 3 багц цаг, сонгон суралцах 2 багц цаг, бие даасан хэлбэрээр 10 багц цагийг бүрдүүлнэ.

Зургаа. Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтын комиссын чиг үүрэг

6.1.Шалгалтын комисс нь мэргэжилтний мэдлэгийн түвшин, мэргэжлийн ур чадварыг шалгалтаар, ажлын туршлагыг бүтээлийн болон мэргэжил дээшлүүлсэн тайлангийн дагуу магадлан шалгаж тодорхойлно.

6.2.Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалтыг жил бүр Зөвлөлөөс баталсан журмын дагуу нэгдсэн төлөвлөгөө гарган зохион байгуулна.

6.3.Зөвлөл тухай бүр нь зохион байгуулагч байгууллагын саналыг үндэслэн шалгалтын комиссыг томилж ажиллуулна.

6.4.Мэргэшсэн, зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэрэг олгох шалгалт нь хоёр үе шаттай байна.

6.4.1.мэргэшсэн зэрэг горилох мэргэжилтэн /архитектор, инженер нь:

нэгдүгээр шатанд: зэрэг горилох хүрээгээр мэргэжлийн мэдлэгийг шалгах тестийн шалгалтыг;

хоёрдугаар шатанд:

а) зураг төсөл, төсвийн ажлын хүрээнд тодорхой сэдэв, даалгавраар тогтоосон хугацаанд техникийн шийдэл гаргах, тооцоо, эх загвар зураг, төсөв боловсруулах;

б) барилга байгууламжийн угсралт, ашиглалтын хүрээнд хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт, журам, заавар, техник технологийн талаар зураг төсөлд тусгасан шийдлийг тайлбарлаж бичих буюу мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалт тус тус өгнө.

6.4.2.Зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох мэргэжилтэн /архитектор, инженер, төсөвчин/ нь:

нэгдүгээр шатанд: зэрэг горилох хүрээгээр мэргэжлийн мэдлэгийг шалгах бичгийн шалгалтыг;

хоёрдугаар шатанд: сэдвийн хамгаалалт буюу мэргэжлийн ур чадварыг шалгах шалгалтыг тус тус өгнө. Сэдвийн хамгаалалт нь ярилцлага хэлбэртэй байна.

6.5.Мэргэшсэн, зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэрэг сунгах шалгалтыг тайлан хамгаалалт (тухайн мэргэжилтний мэргэшлийн хүрээнд гүйцэтгэсэн ажил, бүтээл) хэлбэрээр авна. Тайлан хамгаалалт нь ярилцлагын хэлбэртэй байна.

6.6.Шалгалтын сэдэв, даалгавар, асуулт, бодлого, өгөгдлийг тестийн нэгдсэн сангаас сонгох бөгөөд энэ нь шалгалт авах өдөр, цаг хүртэл нууцлагдана.

6.7.Нэгдүгээр шатны шалгалтад тэнцээгүй мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь дараагийн шатны шалгалт, тайлан, сэдвийн хамгаалалтад орох эрхгүй болно.

6.8.Зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох, сунгах мэргэжилтэн нь сэдвийн хамгаалалтын материал /реферат/-ыг шалгалтын товлосон хугацаанаас 10 хоногийн өмнө шалгалтын комисст ирүүлнэ.

6.9.Шалгалтын комисс нь зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох, сунгах мэргэжилтний рефератад зохион байгуулагч байгууллагаас томилсон шүүмжлэгчээр шүүмж хийлгэсэн байна.

6.10.Шалгалтын комиссын гишүүд нь зөвлөх, тэргүүлэх зэрэг горилох, сунгах мэргэжилтний реферат болон шүүмжлэгчийн дүгнэлттэй хамгаалалтаас өмнө нэг бүрчлэн танилцсан байна.

6.11.Шалгалтын комиссын гишүүд зөвлөх, тэргүүлэх зэргийг горилох, сунгах мэргэжилтний рефератыг түүний онол, техник технологийн шийдэл, түвшин, мэдээлэл, норм, стандартын тусгалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, нэвтрүүлсэн байдал, шинэлэг санаа, ач холбогдол, асуултад хариулсан байдал, шүүмжлэгчийн үнэлгээ зэрэг үзүүлэлтээр дүгнэнэ.

6.12.Мэргэшлийн зэрэг олгох, сунгах шалгалт, сэдвийн хамгаалалтаар авсан дүнгийн нийлбэрийг шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нэгтгэн дүгнэж, дундаж дүнг гаргах ба комиссын дарга энэ дүнг комиссын гишүүдээр хэлэлцүүлэн гишүүн бүрээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.

6.13.Комиссын гишүүдэд нөлөөлөхийг оролдсон мэргэшлийн зэрэг горилогч, сунгагчийг үндэслэлгүй бусдаас хэт зөрүүтэй үнэлсэн гишүүнийг комисс хэлэлцэж, түүний үнэлгээг комиссын нэгдсэн дүнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

6.14.Шалгалтын комисс нь мэргэшлийн зэрэг горилох, сунгах мэргэжилтний шалгалт, сэдвийн хамгаалалтын дүнг үндэслэн зэрэг олгох, сунгах саналаа Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.

Долоо. Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг

7.1.Мэргэшлийн зэрэгтэй мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллахад Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу мэргэшлийн зэргийн нэмэгдэл авч болно.

7.2.Мэргэшлийн зэргийн сарын нэмэгдлийн дээд хэмжээг ажилтны сарын цалингийн хэмжээнээс дор дурдсан хувиар тогтоож, байгууллагын даргын шийдвэрээр олгоно:


7.3.Энэ дүрмийн 6.1-д заасан нэмэгдлийг эрдмийн зэрэг цолны нэмэгдэлтэй давхардуулан авч болно.

7.4.Мэргэшсэн зэрэгтэй инженер, архитектор, төсөвчний эрх, үүрэг:

7.4.1.ажил, үйлчилгээгээ холбогдох хууль тогтоомж, норм дүрэм, стандартын дагуу хариуцлагатай, чанартай хийж гүйцэтгэх;

7.4.2.мэргэжлийн хүрээнд удирдан зохион байгуулсан ажлын чанар, үр дүнг бүрэн хариуцах;

7.4.3.өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан эрсдэл, хохирлыг хариуцах;

7.4.4.Барилгын тухай хуулийн 8.3-т заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;

7.4.5.мэргэжлийн ёс зүйтэй ажиллах;

7.4.6.байгууллагын зүгээс албан үүрэгтэй нь холбогдуулан тавьсан шаардлага нийтийн ашиг сонирхолтой зөрчилдвөл нийтийн ашиг сонирхлыг илүүд үзэх;

7.4.7.ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг байгууллагын удирдлагад мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлэх;

7.4.8.гүйцэтгэсэн ажил, бүтээлийн болон сургалтын багц цаг хангасан тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор сургалт зохион байгуулагч байгууллагад хүргүүлэх;

7.4.9.эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсанаас хойш ажлын 10 өдрийн дотор мэргэшлийн зэргийн гэрчилгээ, тэмдэг олгохыг зохион байгууллагч байгууллагаас шаардах;

7.4.10.хувийн хэргээ баяжуулах, сургалтын багц цаг хангасан талаархи өөрийн мэдээлэл, бүртгэлтэй танилцах, лавлагаа авах, буруу мэдээллийг залруулах;

7.4.11.тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид тавигдах шаардлагын дагуу салбарын мэргэжилтний хувьд оролцох.

7.5.Зөвлөх зэрэгтэй инженер, архитектор, төсөвчний эрх, үүрэг:

7.5.1.  7.4.1, 7.4.2, 7.4.3, 7.4.4, 7.4.5, 7.4.6, 7.4.7, 7.4.8, 7.4.9, 7.4.10, 7.4.11-д заасан эрх, үүргийг мөн адил хэрэгжүүлэх ажиллах;

7.5.2.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертизийн сонгон шалгаруулалтад орох;

7.5.3.эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

7.5.4.өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

7.6.Мэргэжилтэн нь сургалтын бус хэлбэрээр багц цаг хангасан тодорхойлолтыг өөрөө гаргаж, зохих нотлох баримтын хамт Зохион байгуулагч байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлж байна. Мэргэжилтэн нь өөрийн мэргэжлийн чиглэлээр сургалтын бус хэлбэрээр багц цагаа хангахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Тухайн жилд ноогдох багц цагаа хангаагүй бол дараа жил нөхөн гүйцээж болно.

Үргэлжлэл бий

Нийтэлсэн: 2024-10-02

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.