• 976-11-330985
  • info@mace.org.mn

БНСУ-ЫН БАРИЛГЫН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ИНСТИТУТТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Тус арга хэмжээнд МБИ Холбоо талаас хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг, Дэд ерөнхийлөгч А.Ичинхорлоо, Дэд ерөнхийлөгч С.Пүрэвдорж, Мэргэжлийн бодлого, инновацийн хорооны дарга М.Одмандах, Гадаад харилцааны хорооны гишүүн Ж.Амарбаяр, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул нар,

Солонгос талаас Барилгын мэдээлэл, Технологийн Судалгааны Институт /KICI/ талаас Ерөнхийлөгч LEE JAE SIK, төслийн менежер KIM SUNG YONG, институтын мэргэжилтнүүд KIM TAE GYUN, SIM SANG KYUN, PARK KYUNG YONG, KIM SEUNG SU, SEO GANG JIN нар оролцлоо.

Санамж бичгийн гол зорилго нь хоёр улсын барилгын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, барилгын салбарт ухаалаг, шинэ дэвшилтэт технологийн мэдээллийг нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, мэдээллээ солилцох, инженерүүдийг сургах гэх мэт асуудлаар хамтран ажиллахад чиглэж байгаа юм.

БНСУ-ын Барилгын мэдээлэл, Технологийн Судалгааны Институт нь 2011 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд БНСУ-ын барилгын салбарт BIM нэвтрүүлэх чиглэлээр төрийн захиалгаар норматив баримт бичиг, гарын авлага, зөвлөмж боловсруулдаг төдийгүй төслийн менежмент, барилгын үйлдвэрлэлийн бодлого, төсөв үнэ бүрдлийн менежмент, стандарт, дижитал үйлчилгээ, дижитал барилгын үйлчилгээний монитроинг хийх зэрэг үйл ажиллагааг голчлон гүйцэтгэдэг байгууллага юм.

 Арга хэмжээний үеэр Холбооны хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг “Манай холбоотой хамтран ажиллах санал тавьсан та бүхэнд баярлалаа. Бид сүүлийн жилд Монгол улсад BIM нэвтрүүлэх стратегийн төлөвлөгөө, замын зураглалыг яамныхаа захиалгаар боловсруулж, хүлээлгэн өгсөн байгаа. Үүнийг хэрэгжүүлэх дараагийн үе шат бол барилгын үйл ажиллагаанд оролцогчид таниулах сургалт, зөвлөмж, гарын авлага боловсруулах гэх мэт үе шатны ажлууд хийгдэх юм. Ийм үед та бүхэнтэй хамтарч байгаад холбооны ерөнхийлөгчийнхөө нэрийн өмнөөс болон нийт гишүүдийнхээ өмнөөс талархаж байна. Бидний хамтын ажиллагааны хүрээнд монголын барилгын салбарын инженерүүдэд ухаалаг барилга, дижитал технологийг сургах, чадавхжуулах сургалт, арга хэмжээг цаашид зохион байгуулах болно.” Хэмээн онцоллоо.

Мөн Барилгын мэдээлэл, Технологийн Судалгааны Институт /KICI/ талаас Ерөнхийлөгч LEE JAE SIK -н хэлсэн үгэндээ  “Монгол улсын ууган төрийн бус байгууллага, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн Монголын Барилгын Инженерүүдийн Холбоотой хамтран ажиллах болсон нь нэр хүндийн хэрэг юм. Манай 2 байгууллагын хамтын ажиллагааны дараагийн асуудлууд бол хоёр улсын барилгын салбарыг дижиталжуулах, ухаалаг дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд инженерүүдийг сургах, хөгжүүлэхэд хамтран ажиллах болно гэдгээ онцолж байна” гэдгийг дурдсан юм.

Уулзалтаар Холбооны Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, БНСУ-ын Барилгын мэдээлэл, Технологийн Судалгааны Институтийн төслийн менежер KIM SUNG YONG нар өөрсдийн байгууллагын талаар болон БНСУ-ын барилгын салбарт хэрэгжиж буй BIM, дижитал технологийн талаарх танилцуулгыг хийлээ.

Бидний хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.


Нийтэлсэн: 2024-09-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.