• 976-11-330985
  • info@mace.org.mn

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ТУРКИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ӨРТСӨН ГАЗАРТ ОЧИЖ ТУРШЛАГА СУДЛАВ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ-аас зохион байгуулдаг ээлжит мэргэжлийн техникийн сургалт-аялал БНТурк Улсад 2024.05.16-23-ны өдрүүдэд боллоо. Сургалтад холбооны ерөнхийлөгч Б.Гантулга тэргүүтэй 17 гишүүд оролцов.

Энэ удаагийн сургалт-аяллыг хамтын ажиллагаат Туркийн Барилгын Инженерүүдийн Холбоо (Turkish Chamber of Civil Engineers)-той хамтран “ТУРК УЛСАД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН СУРГАМЖ” сэдвээр зохион байгуулсан юм. 

Мэргэжлийн сургалт-аяллынхан сургалтын эхний өдөр 37 жилийн туршлагатай барилгын зураг төсөл, төслийн менежмент, барилга угсралт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг “СИГМА” компанид зочилж тус улсын зураг төслийн үйл ажиллагаа ямар үе шаттай явагддаг, хэрхэн баталгаажуулж, хянадаг талаар мэдээлэл авав. Дашрамд сонирхуулахад, тус компанийн хүчитгэл хийсэн болон Турк даяар барьж байгуулсан барилгууд нурж, гэмтээгүй гэсэн. 

Үүний дараа тэд Туркийн Барилгын Инженерүүдийн Холбооны Адана дахь салбар болон дэлхийд тэргүүлэгч “Кингспан групп” компанид зочилсон. Адана хот газар хөдлөлтөд багагүй өртөж, нэлээд хэмжээгээр сүйдсэн бөгөөд одоо сэргээн босголт, хүчитгэлийн ажил ид өрнөж буй. Чухам энэ газарт мэргэжлийн сургалт-аяллынхан очиж, 14 давхар барилгын газар хөдлөлтийн хүчитгэлийн ажлыг хэрхэн хийж байгаатай танилцан, газар хөдлөлтөөс үлдсэн сургамж, туршлагын талаар лекц сонссон юм. Түүнчлэн барилгын материалын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Кингспан групп”-ийнхэн манай сургалтынханд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болон галд тэсвэрлэх хүчин чадлыг тодорхойлогч лаборатори, дэвшилтэт технологиор хийсэн байгууламжуудыг үзүүлж сонирхуулав. 

Энэхүү сургалт-аяллынхан Истанбулын Их Сургуулийн Бүтээц-газар хөдлөлтийн лабораторид очиж, үйл ажиллагаатай нь танилцаж амжсан байна. 

Мэдлэг, мэдээлэл дүүрэн мэргэжлийн сургалт-аяллыг дэмжиж ажилласан Туркийн Барилгын Инженерүүдийн Холбоо, Адана хот дахь салбар, “СИГМА” компани, “Кингспан Монгол групп”-ийн захирал Б.Жаргалсайхан болон орчуулагчаар ажилласан “Кингспан Монгол групп” ХХК-ийн дэд захирал Д.Буджав, хөтөч Дэлгэрсүрэн нартаа холбооны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд ажилд нь амжилт бүхнийг хүсэн ерөөе.

      

      

      

Нийтэлсэн: 2024-05-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.