• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН БОУЛИНГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

 Монголын Барилгын Инженерүүдийн Холбооноос 2011 онд “Хархорин Өргөө” ХХК-ийн захирал асан Ю.Дагвацэрэнгийн санаачлагаар Барилгын салбарын боулингийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тус тэмцээн 2016 он дуустал тасралтгүй зохион байгуулж байсан түүхтэй.

Бид энэхүү тэмцээнийг 2024 онд сэргээн зохион байгуулахаар төлөвлөсний дагуу  2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр UG bowling club-т амжилттай боллоо. Энэ жилийн тэмцээнийг  ерөнхий ивээн тэтгэгч “Премиум Корпорэйшн” ХХК-ийн дэмжлэгтэйгээр болон 20 жилийн ойгоо удахгүй тэмдэглэх  “Мөнх Инж Констракшн” ХХК, санаачлагч “Хар хорин өргөө” ХХК, “Сика Монголиа” ХХК, Монголын Боулингийн Холбоо зэрэг байгууллагуудын хандив, дэмжлэгээр  зохион байгуулав. Энэ жилийн тэмцээнд төрийн байгууллагаас төлөөлж “Барилгын Хөгжлийн төв” ТӨҮГ, барилгын салбарын хувийн хэвшлийн “Суруга Монгол”, “Тийс Монгол”, “Си Эй Ди”, “Тэргүүн чансаа”, “Петро Эрин Инженеринг”, “Юнигаз”, “Сика Монголиа”, “Премиум корпорэйшн”, “Sika ProDealer Mongolia”, “Мэнд Констракшн”, “Мөнх Инж Констракшн”, “Хүннү хотхон”, “Хархорин Өргөө”, “Пи Си Эс”, “Улаанбаатар БҮК” ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцов. 

Тэмцээн удирдамжийн дагуу 20 баг тус бүр 3 тоглолт хийж, эхний 3 тоглолтоос хамгийн өндөр оноо авсан 8 байгууллага финалын төлөө тоглолтод оролцлоо. Финалын тоглолт плей-офф-ын зарчмаар явагдав. Ингээд багийн тоглолтын нийт 713 оноогоор “Си Эй Ди” ХХК-ийн баг Тэргүүн байр, 599 оноогоор “Суруга Монгол” ХХК -ийн баг дэд байр, 527 оноогоор “Юнигаз” ХХК-ийн баг Гуравдугаар байр, 461 оноогоор “Мэнд Констракшн” ХХК-ийн баг тусгай байрт шалгарлаа. Мөн баг тус бүрийн тамирчдын хувийн оноо тус бүрийн үнэлгээгээр эрэгтэй тамирчдаас “Премиум Корпорэйшн” ХХК-ийн багийн тамирчин Ц.Оюунжаргал 263 оноогоор Шилдэг эрэгтэй тоглогч, “Си Эй Ди” ХХК-ийн тамирчин Ч.Сувдаа 199 оноогоор Шилдэг эмэгтэй тоглогчоор тус тус шалгарсан юм.

Тоглолтын төгсгөлд тус тэмцээнийг санаачлагч “Хар хорин өргөө” ХХК-ийн нягтлан бодогч, Ю.Дагвацэрэнгийн эгч Ю.Үүрийнтуяа сэтгэлийн үгээ илэрхийлж, 4-р байрт шалгарсан “Мэнд констракшн” ХХК-ийн багт өөрийн компанийн зүгээс тусгай байрын шагналыг олгосон. Мөн тэмцээний үеэр 2 азтан шалгаруулж Hilti брэндийн лазер хэмжигч болон “Хотулун бэхи групп” ХХК-ийн аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгсэл авах эрх гардуулав. 

Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, барилгын салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа инженер, мэргэжилтнүүдийн нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх, эрүүл мэндийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, боулингийн спортыг сурталчлан танниулж хөгжүүлэх, спортын ур чадварыг сайжруулах зорилготой энэхүү тэмцээнийг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ болон “Премиум Корпорэйшн” ХХК цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах, санаачлагч Ю.Дагвацэрэнгийн нэрэмжит шагналыг “Хархорин Өргөө” ХХК-иас олгож байхаар болсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Нийтэлсэн: 2024-02-05

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.