• 976-11-330985
  • info@mace.org.mn

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

“Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ болон “Интеллект групп” хамтран BUSINESS DEVELOPMENT FOR CONSTRUCTION MONGOLIA” /BDCM/ буюу МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ” нетворк хурлыг 2022 оноос  уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 2023 оны BDCM хурал нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зориулсан “ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” сэдвээр Монголд анх удаа хийгдэв. Хурлын үеэр Барилга Хот Байгуулалтын Яам, Нийслэлийн Орон Сууцны Корпораци, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газар, Өмгөөллийн “Легал Полиси” хуулийн фирм, “Мандал Капитал Маркетс ҮЦХ” ХХК болон дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 120 орчим компанийн захирал, төслийн менежерүүд зэрэг  нийт 150 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, “Интеллект групп”-ийн Гүйцэтгэх захирал Ө.Рэнцэндорж нар хурлыг нээж үг хэлсэн бөгөөд хуралд оролцогсод Монгол Улсын хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дахин төлөвлөх цогц ажлын хүрээнд тулгамдаж буй олон асуудлуудыг бодитойгоор хэлэлцэх, шийдлүүдийг эрэлхийлэх, тухайлсан төслүүдийн дахин төлөвлөлтийн бизнес хөгжүүлэлт, төлөвлөлт болон хэрэгжүүлэлт талаас системтэйгээр харах зэрэг олон үр дүнд суурилсан сэдвүүдээр бодит жишээн дээр тулгуурлан хэлэлцсэн бөгөөд танилын хүрээг тэлэх “Business matching” арга хэмжээнд оролцов.

Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдээс зарим зүйлийг онцолбол, “Интеллект групп”-ийн Судалгаа хөгжүүлэлтийн газрын захирал Ц.Батсуурь “Дахин төлөвлөлтийн төслийн бизнес хөгжүүлэлт” илтгэлдээ Монгол Улсын хувьд орон сууцны эрэлт хэрэгцээний  2040 он хүртэлх судалгаа,  хот суурин газарт орон сууцны өсөлтийг хангахын тулд сард 1000 айлын орон сууц ашиглалтанд орох шаардлагатай болоод байгаа талаар тоо, баримт дээр үндэслэн ярив. Мөн 2023 оны эхний 5 сарын байдлаар 6.733 иргэн ипотекийн зээл хүссэнээс 2.469-д нь 256.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь нийт зээл хүсэгчдийн 36.7%-ийг эзэлж байгаа тоо баримтыг дурдаад, эдгээр хэрэгцээг бүрэн хангах боломж одоогоор байхгүй. Иймээс олон талын хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монголын барилга, орон сууцны салбарт борлуулалт, түрээс, барилгажилтын шинэ загварт тулгуурласан бизнесийн шинэ модель хэрэгтэй байгаа талаар дурдаад, БНСУ-ын иргэдийн орон сууцны хэрэгцээний байдал, орон сууцны хэрэглээг дэмжих төрийн бодлого, санхүүжүүлэлтийн модель, гүйцэтгэл болон хөрөнгө оруулалтын талаарх иж бүрэн судалгааг харуулан тайлбарласан юм.

Харин “Легал полиси” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Болормаа, ахлах хуульч Х.Энхтайван нар “Дахин төлөвлөлтийн  төсөл хэрэгжүүлэгчдэд учирч буй хууль, эрх зүйн эрсдэл ба шийдэл” илтгэлдээ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй талуудад учирч буй маргаан, учирч буй эрсдэлүүдийг тодорхойлон харуулж, хэрхэн, юунд анхаарвал шүүхийн маргаанд хүрэхгүй байх боломжтой талаар зөвлөгөө өглөө. Тэдний илтгэлээс нийслэлийн 5 дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан байдлын судалгааны тоо баримт олны анхаарлыг татав. Тухайлбал, 2013-2023 оны хооронд нийт 117 компанид дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрх олгосон ч өнөөдрийн байдлаар нийт 30 компанийн эрх цуцлагдаж, 15 компани шүүхийн маргаантай байгаа аж. Тэдний үзэж буйгаар практикт тулгарч буй түгээмэл асуудлуудыг шийдвэрлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгчийг ажлаа эхлүүлэхэд төрөөс нөөц газрыг чөлөөлөх боломжийг бүрдүүлэх, дахин төлөвлөлттэй холбоотойгоор төрөөс төсөл хэрэгжүүлэгчдэд татварын дэмжлэг үзүүлэх, мөн иргэн, аж ахуйн нэгжүүдийн хоорондын маргааныг тусгай журмаар шийвэрлэх шаардлагатай хэмээн харж байгаа аж. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчдэд учирч буй бас нэгэн томоохон эрсдэл нь САНХҮҮЖИЛТ. Дахин төлөвлөлтийн төслүүд рүү чиглэсэн биржийн бус зах зээлээс санхүүжилт татах боломж ба хууль зүйн үндэслэл байгаа. Үүний тулд юунд анхаарах талаарх гаргалгаа, мэдээллийг ч бас дуулгахаа мартсангүй.

Дараагийн илтгэл төрийн бодлого, чиглэлийн тухай байлаа. БХБЯ-ны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболд “Дахин төлөвлөлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт” илтгэлдээ “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 45.000 айлыг хамруулж, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, дахин барилгажуулах төсөлд 3746 айл, газар шинэчлэн зохион байгуулах төсөлд 13.500 айл, орлогод нийцсэн орон сууцанд 38.826 айл, дагуул хот, тосгодод 16.512 айлыг хамруулахаар төлөвлөсөн тухай дуулгав. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй хууль, журам, 3 талт гэрээний загварын талаар мэдээлэл өгч, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлт, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, амины орон сууцжуулах үйл ажиллагааны схемийг танилцууллаа. Энд эрчим хүчний хэмнэлттэй барилгын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагын харьцуулалт, олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилт олгох шалгуур, шаардлагын талаар ч дурдагдаж санхүүжилт, бизнес загварыг ярьсан. Цаашдаа амины орон сууцанд багагүй ач холбогдол өгч, шаардлага хангасан амины орон сууцанд ногоон зээлийн олголтыг нэмэгдүүлэх боломж бийг дурдав.

Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайханы хувьд “Дэд төвүүдэд түшиглэсэн дахин төлөвлөлтийн төслүүдэд баримтлах бодлого ба төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэлд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт болон алслагдсан 2 дүүрэгт түрээслээд өмчлөх, энгийн түрээс, түр суурьшуулах зорилгоор 3.787 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа. Санхүүжилтийн хувьд төр хувийн хэвшлийн түншлэлээр 362.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 777.1 тэрбум, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасаар 150 тэрбум, нийслэлийн төсвөөс 25.6 тэрбум, дотоодын зээлийн 73.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9821 айлын орон сууцыг бариад байгаа тухай дэлгэрэнгүй тоо баримтууд яригдав. Үүнээс гадна түүний илтгэлд гэр хорооллын дахин төлөвлөлт өнөөг хүртэл хэрхэн хийгдэж ирсэн, хэрэгжилт ямар түвшинд байгаа, цаашид хэрхэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан мэдээлэл багтсан. Эдгээрээс онцолсон нь одоо явагдаж буй дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Сэлбэ, Дарь-Эх орчимд 152 га газарт 50 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ хувийн хэвшлийнхнийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулна. Төслийн 30 хувь нь ногоон орон сууц байна гэсэн мэдээлэл байв.

Сүүлийн илтгэлийг “Дахин төлөвлөлтийн төслүүдийг санхүүжүүлэх шинэ боломж” сэдвээр “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэр тавилаа. Түүний илтгэлд хөрөнгийн зах зээл дэх барилгын салбарын эзлэх хэмжээг дэлхийн ба Монгол Улсын гэх харьцуулалтаар эхэлсэн. Мэдээж маш их зөрүүтэй тоо гарсан. Гэхдээ сайн талаас нь харвал барилгын салбарт хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж маш их байгаа бөгөөд манай улсын барилгын  салбарт хөрөнгө татахын тулд бондын хүүг уян хатан байлгах боломжтой зэрэг давуу тал бий болдог талаар болон барьцаа, батлан даалт заавал байх, төсөл хөгжүүлэлтийг хийхдээ менежментийн мэргэжлийн компанитай хамтрах, төлөвлөгөөгөө төсөл эхлүүлэх үе шатнаас бэлтгэх ёстойг дурдав. Мөн “Мандал Капитал Маркетс”-ынхан Монголд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компаниудад хөрөнгө босгох боломжийг санал болгов. Мэдээж тодорхой шаардлагууд тавьсан. Гэхдээ үр өгөөж нь шаардлагатай санхүүжилтээ богино хугацаагаар буюу 12-24 сараар авах, жилийн 20%-иас ихгүй хүүтэй байх, хүүгээ улирал бүр төлөх нөхцөлтэйгөөр аваад, бондын хугацаа дуусах үед  хямдралтай нөхцөлөөр баригдаж буй байр руу хөрвөж болох юм байна.

Эдгээр илтгэлийн  дараа БХБЯ-ны Хөгжлийн Бодлого, Газрын Харилцаа, Хот Байгуулалтын Газрын дарга Э.Батболд, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан, “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал Ц.Батбаяр, “Легал Полиси” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваажанцан, “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Халиунаа, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал CFA А.Өлзийдэлгэр, “Ультрасоник” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн Ерөнхий инженер П.Содномцэрэн, “Шинэ Гэр Түншлэл” ХХК-ийн Төсөл хариуцсан захирал Г.Хангай нар панелистаар оролцон хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлсэн явц, ипотекийн зээлийн “80 м2 хүртэлх талбайтай байх” гэсэн шаардлагыг  100м2 болгох боломжтой эсэх, хэзээнээс хэрэгжих тухай, зээлийн урьдчилгааг багасгах, зээлийн хүүг тодорхой зорилтот хүрээний иргэдэд багасгах зэрэг хөнгөлөлттэй нөхцөл байж болох эсэх, дахин төлөвлөлтийн төслүүд дээр нэмэлт санхүүжилт босгоход МИК болон холбогдох бусад газруудаас хөрөнгө оруулалтын эрсдэлийг хаах боломж бий эсэх, инженерийн дэд бүтцийн асуудлыг төрийн зүгээс ямар арга хэмжээ авах гэж байгаа тухай, дахин төлөвлөлтийн төсөл дээр ерөнхий төлөвлөгөө гаргаж өгчихөөд давхардуулж газар олгож, зам тавьж төлөвлөгөөг будлиантуулаад байгааг цэгцлэх тухай, борлуулалт дээр бодлогын зохицуулалт хийх шаардлагатай тухай гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд Төрийн бодлого, төлөвлөлтийг ярьж байгаа төлөөллүүд ч айл өрхүүдийг орон сууцжуулах тал дээрээ хэтэрхий анхаарал тавиад нийлүүлэлт буюу төслийг гүйцэтгэгч тал, бусад асуудлууддаа бага анхаарснаас орон сууцны үнийн нэмэгдлийг зохицуулж чадахгүй өнөөгийн нөхцөлд хүргэсэн алдаа гаргасан хэмээн дүгнэлт хийн, төрийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах, хувийн хэвшлийнхний дуу хоолойг анхааралтай сонсох талаар санал солилцлоо. Энэхүү хурлын үр дүнд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд төрийн холбогдох байгууллагуудад дуу хоолойгоо бага ч гэсэн хүргэж чадлаа. Улмаар компаниуд саналаа нэгтгэн боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэхээр болж, төрийн байгууллагууд ч эдгээр санал, шийдлүүдийг тусган ажиллах шийдэлд хүрсэн.

BDCM 2023: Дахин төлөвлөлт ба хөрөнгө оруулалт” нетворк хурлыг хааж Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд “Монгол Улс, Улаанбаатар хотод өнөөдөр хамгийн тулгамдаад буй асуудал агаарын болон орчны, хөрсний бохирдлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд гэр хорооллыг дахин төлөвлөхөөс өөр гарц байхгүй гэж салбарын мэргэжилтний хувьд харж байна. Энэ бол төрөөс дэмжээд, хувийн хэвшлүүд маань зөв ойлголцоод хийж чадвал салбарын хувийн хэвшлийнхэнд чухал ач холбогдол өгөх юм. Энэ хуралд ирснээр та бүхэн туршлагаа хуваалцаад, шинэ боломжуудыг олж авсан гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэв.

Эцэст нь хэлэхэд дахин төлөвлөлтийн төслүүдэд цаашид ногоон амины орон сууцны асуудлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Иймд төсөл хэрэгжүүлэгчид цаашид гэр хорооллын дэд бүтцийн шийдэл болон ногоон амины орон сууц барих стандарт болон ногоон зээлийн шаардлагыг хэрхэн хангах талаар судлах хэрэгтэйг оролцогчид чухалчлан авч үзлээ.

Нийтэлсэн: 2023-11-23

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.