• 976-11-330985
  • info@mace.org.mn

"MACE ANNUAL MEETING-2023"-ЫН ХҮРЭЭНД ТЕХНИКИЙН СЕМИНАР БОЛЛОО

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо жил бүр оны олон улсын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас түр завсарлаад байсан энэхүү “MACE ANNUAL MEETING” олон улсын арга хэмжээгээ 2023 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “MACE ANNUAL MEETING-2023” олон улсын арга хэмжээний хүрээнд эхний өдөр буюу 2023.06.22-ны Пүрэв гарагт “Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэршлийг үнэлэх ба хүчитгэх. Олон улсын туршлага” техникийн семинар боллоо. Семинарт холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөллөөс гадна БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Японы Засгийн газрын олон улсын байгууллага ЖАЙКА-гийн Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн ахлагч профессор Oвада Киётака, АСЕСС-ийн гишүүн, Японы Барилгын Инженерүүдийн Холбоо (JSCE)-ны Гадаад харилцааны хорооны гишүүн, Кюүшюү технологийн их сургуулийн профессор Эйки Ямагучи, Тайванийн Барилгын инженерүүдийн Холбоо (CICHE)-ны Ерөнхийлөгч профессор Ю-Чи Сун, Тайваны CECI-ийн Дэд Ерөнхийлөгч Чи-Хэн Чианг, ерөнхий нарийн бичгийн дарга Хуй Чу Ни, Солонгосын Барилгын Инженерүүдийн Холбоо (KSCE)-ны Ерөнхийлөгч профессор Жун Хэнг Хео, Дэд ерөнхийлөгч Юн Мүк Лим, тус холбооны Гадаад харилцааны хорооны дэд дарга, Хонгик их сургуулийн профессор Пак Жэ Ян, тус хорооны гишүүн, Ханьяан их сургуулийн профессор Робин Юнжү Ким, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Сун Хёнь Сон болон Туркийн Барилгын Инженерүүдийн Тэнхим (TCCE)-ийн Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах зөвлөлийн гишүүн Дэд проф. Доктор Сенан Мертол нар оролцов. 20 дахь удаагийн олон улсын техникийн семинарт нийт 98 эрдэмтэн, судлаач, инженер, мэргэжилтнүүд оролцон, -”Япон дахь барилга байгууламжийг бэхжүүлэх, түүнийг Монголд хэрэглэх” -”Өрөгт ханыг модон ханаар хүчитгэх аргын нөлөө” -”Тайван дахь одоо байгаа барилгуудын газар хөдлөлтийн үнэлгээ ба хүчитгэлийн өнөөгийн технологи” -”Хурдын замын гүүрийн газар хөдлөлт тэсвэрлэлтийг сайжруулах арга технологи” -”Туркийн Кахраманмарас хотын газар хөдлөлт” (2023.02.06) -”Монгол орон дахь газар хөдлөлтийн идэвхтэй хагарал болон газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ” -”Дотоод урьдчилсан хүчитгэлтэй төмөрбетон дамнурууны цуцалтын туршилт ба төгсгөлөг элементийн анализ” зэрэг орчин цагт барилга, зам гүүрийг хэрхэн хүчитгэж буй гадаад орнуудын туршлага, Монголд хийгдэж буй судалгааны ажлуудын талаар нийт 11 илтгэл сонсов. Энэхүү техникийн семинарыг гадаадын зочид төлөөлөгчид өндрөөр үнэлж, дэлхий даяар газар хөдлөлт идэвхжиж буй өнөөгийн цаг үед гадны туршлагыг судалж, салбартаа хөгжил дэвшил авчрах, сайжруулах арга зам эрэлхийлж буйг ихэд сайшаан, цаашид тусалж дэмжихээ илэрхийлсэн юм.


Техникийн семинарын үеэр авсан гэрэл зургуудыг Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо facebook пэйж хуудаснаас үзнэ үү. 

Нийтэлсэн: 2023-06-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.