• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Ганбатын 2015 онд Барилга Мн сэтгүүлд "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдвээр ярилцсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Асуулт-1:  Өнөөдөр барилгын салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал аль түвшинд байна вэ? Энэ чиглэлд ямар ахиц гарч байна гэж та бодож байна вэ?

Хариулт:  Ер нь барилгагүйгээр улс орны хөгжил, хүмүүсийн амьдралыг төсөөлөхөд бэрх юм. Барилгын салбар бол хүний оюун ухаан, хүч хөдөлмөр, техник, технологийн хөгжил дэвшлийг өөртөө шингээсэн асар том бүтээн байгуулалтын салбар төдийгүй улс орны хөгжлийн нүүр царай, харагдах өнгийг тодорхойлж байдаг. Өнөөдрийн байдлаар барилгын үйл ажиллагаа эрхлэхээр 4000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага тусгай зөвшөөрөл авсан байна. Барилгыг эхлээд цаасан дээр бариад дараа нь газар дээр буулгадаг. Тэгвэл барилгын салбарын аюулгүй ажиллагаа барилгыг газар дээр буулгаж барих шатанд ихээр алдагдаж байна. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдлыг дүгнээд хэлээч гэвэл маш доогуур түвшинд байна гэж хэлнэ. Учир нь энэ салбарт гарсан осол, аваарийн тоо буурахгүй байна, тэр дундаа эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал нийт гарсан ослын 70-80 хувийг эзэлж байна. Иймд хүний эрүүл мэнд, амь насны төлөөстэйгээр барилга барьдаг явдалтай хатуу тэмцэхээс өөр аргагүй. Ахиц дэвшил гарч байна уу гэж та асууж байна. Ний нуугүй хэлэхэд нийт салбарын дүнгээр нь авч яривал тодорхой ахиц дэвшил гарсан зүйл одоогоор харагдахгүй байна. Гарч байгаа ослын шалтгаан нөхцөлд хийсэн судалгаа, дүн шинжилгээнээс үзэхэд осол гарахад нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа боловч эцсийн дүндээ ослоос урьдчилан сэргийлэх гол ажил хийгдэхгүй байгаатай холбоотой байна гэсэн дүгнэлтэд бид хүрээд байна. Тийм учраас яамны зүгээс энэ чиглэлд гол бодлогоо хандуулж аж ахуйн нэгж, ТББ-тайгаа хамтран ажиллаж байна. Гэхдээ бас эрт ургасан хаврын яргуй шиг аюулгүй ажиллагаандаа их анхаарал тавьж сайн ажиллаж байгаа компаниуд байгаа гэдгийг тодруулж хэлье.  

Асуулт-2: Олон хүн хохирох тусам барилгын салбарын нэр хүнд их унаж байна л даа. Энэ нь ихэнх тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсантай шууд холбоотой байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр осол гарсан тохиолдолд ерөнхий болон туслан гүйцэтгэгч бус, мөн ерөнхий захиалагч хариуцлага хүлээдэг болохоор төлөвлөж буй. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны чанарыг дээшлүүлэх суурь нөхцөл болно гэж харж байгаа юу?

Хариулт: Барилгын үйл ажиллагаанд захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ эрхлэгч гэсэн оролцогч талууд байдаг. Эдгээр оролцогч талуудын эрх үүргийг одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудаар бүрэн журамласан уу гэвэл маш учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр оролцогч талуудын хариуцлага хүлээх механизм  бүрэн журамлагдаагүй гэсэн үг. Тийм учраас гарсан ослын шалтгаан нөхцөл, осол гарахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалсны үндсэн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Ер нь барилгын салбарын чанар, аюулгүй ажиллагаа нь барилгыг барих техник-зохион байгуулалт, норм дүрэм, стандартын мөрдөлтийн үр дүнгээс эцсийн дүндээ маш их хамааралтай зүйл. Үүнийг умартвал барилга барина гэсэн ойлголт бараг байхгүй гэж ойлгох ёстой. Барилгад чанар, аюулгүй ажиллагааг хангуулагч нь хамгийн нэгдүгээрт захиалагч. Яагаад гэвэл барилга барих талбайн эзэн нь захиалагч, төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч, хөрөнгө оруулалтын эцсийн үр дүнг хүртэгч нь захиалагч, төслөө хэрэгжүүлэх арга замаа тодорхойлогч нь захиалагч, барилгын гүйцэтгэлд хяналт тавигч нь захиалагч байдаг учраас тэд өөрсдийн тогмоомын дүрмээ хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж гүйцэтгэгчийг шахаж ажиллах гол үүрэгтэй. Тийм учраас захиалагчийн үүрэг, хүлээх хариуцлага нэмэгдсэн байгаа. Энэ утгаарааа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны түвшин дээшлэх болно. Мөн манай яам Хөдөлмөрийн яамтай хамтраад “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулах нийтлэг журам”-ын төслийг боловсруулаад дууссан. Удахгүй батлагдаж, мөрдөгдөж эхлэх болно. Журмын гол зорилго нь аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог илүү тодорхой болгоход чиглэгдсэн байгаа.

Асуулт-3: Ер нь барилгын салбарынхан бүтээн байгуулж, хийсэн бүтээснээ харж бахархаж болдог тийм сайхан ажилтай улс. Гэвч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл хамгийн өндөртэй салбарт барилгын салбар багтсан хэвээр. Барилга дээр осол аваараас урьдчилан сэргийлэхээс гадна, эрүүл таатай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Эдгээр хоёр асуудлыг сайтар анхааран Монголдоо үлгэр жишээ ажиллаж буй компаниудын жишээг та нэрлэнэ үү гэвэл?

Хариулт: Барилга бол хүний оюун ухааны бүтээл учраас урлагийн бүтээл гэж би бахархдаг. Таны хэлснээр барилгачин хүн оюун ухаан, гар бие оролцсон барилгаараа байнга бахархаж явдаг улс. Барилга  бол тэр хүмүүсийн нэрийн хуудас болоод зогсохгүй нийгмийн түүхийн гэрч болдог гэдэг утгаараа онцлогтой. Манай барилгачид “бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн” гэж хэлэх дуртай байдаг. Би ч гэсэн үүнд итгэдэг. Ер нь барилга  Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангагч байдаг гэдэг утгаараа барилгад оролцогчдоос өндөр хариуцлагатай байхыг шаардддаг. Энэ хариуцлагаа ухамсарлаж үлгэр жишээ ажиллаж байгаа аж ахйун нэгж гэвэл “Оюу толгой “ ХХК, “Эм Си Эс” ХХК-иудыг нэрлэж болно.    

Асуулт-4: Барилгын салбарт гадаад, дотоодын хүмүүс ажиллаж буй. Эдгээрийн зарим нь огт мэргэшээгүй байдаг гэж хүмүүс ярьдаг. Энэ талаар яг нарийн тоо алга. Мэргэшээгүй хүмүүс ажиллаж буй цагт ХАБ-ын тухай ярих боломжгүй юм шиг?

Хариулт: Барилга барина гэдэг сайн мэргэжилтэй, дадлага туршлагатай ажилчин, сайн технологи, арга ажиллагаа,  дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг нарийн зохион байгуулалт, тогтсон дэг журмаар нэгдлийг хангаж ажиллах үйл явц байгаа юм. Үүнийг яс махандаа тултал ойлгоогүй, ойлгохыг хүсдэггүй, ойлгосон ч тэгэж ажилладаггүй байдал газар авсанаас барилгын чанар, аюулгүй ажиллагаанд доголдол гарч байна. Мэргэшээгүй хүмүүс ажиллаж байна гэдгийг би арай өөрөөр хариуцлага талаас нь авч үздэг. Хэрвээ та барилгыг чанартай барьяа, аюулгүй ажиллагааг хангаж ажиллая гэж чин сэтгэлээсээ хүссэн бол, та манай барилга дээр ажиллаж болох хүн байна гээд тэр хүнийг барилгын талбай руу алхаж орох зөвшөөрөл олгосон бол мэргэшүүлэх, дадлагажуулах, аюулгүй ажиллагаанд сургах нь ажил олгогчийн үүрэг. Хэрвээ энэ үүргээ биелүүлээгүй бол та хариуцлага хүлээнэ гэдгээ өглөө болгон санаж, сэрж байх хэрэгтэй. Аюулгүй ажиллагааны гол зарчим бол мэдээллийг хүнд олон дахин давтан ойлгуулж зан үйл болгоход чиглэгддэг зүйл. Энэ утгаараа аюулгүй ажиллагаанд байнга, тогтмол, хором бүрт гэдэг зарчим үйлчилдэг.

Асуулт-5:  Барилгын тусгай зөвшөөрөлтэй компаниудын дотор ХАБ-ыг онц сайн эсвэл муу биелүүлдэг гэсэн статистик яамны зүгээс гаргадаг уу?

Хариулт: Яамны зүгээс тийм нарийн судалгаа хийсэн зүйл байхгүй. Барилгын салбарын хөдөлмөрийн аюул ажиллагааны ерөнхий байдлыг тандах зорилгоор энэ оны хоёрдугаар сард 8 асуулттай судалгааг аж ахуйн нэгжүүдэд явуулж судалгааг авахад 80 гаруй аж нэгжээс дөнгөж 9 аж нэгж аюулгүй ажиллагааны чиглэлээр хийсэн ажлынхаа тайлан мэдээг ирүүлсэн. Ирүүлсэн тйалан мэдээнээс харахад шаардлага хангасан, овоо ажил хийдэг юм байна гээд хэлчих байгууллага, аж ахуйн нэгж байгаагүй. Энэ байдлаас би манай барилгын салбарын аюулгүй ажиллагаа үнэхээр доод түвшинд, шалан дээр байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өнгөрсөн 2 сар гаруйн хугацаанд миний дүгнэлт өөрчлөгдөөгүй байна. Тийм учраас барилгын чанар, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулах хяналтын нэгдсэн тогтолцоог хамгийн доод түвшинд ч гэсэн бий болгох талаар ажиллаж байна. Энэ бол өөрөө цаг хугацаа шаардсан ажил шүүдээ.  

Асуулт-6: Нэгэнт осол гарсан тохиолдолд эрсдлийг боломжит хэмжээнд нөхөхөөр даатгалыг бид ашигладаг. Гэхдээ даатгалын тогтолцоо хэр нэвтрүүлсэн гэдэг нь их чухал болов уу. Та барилгын салбарт даатгалын тогтолцоо хэр хөгжсөн гэж бодож байна вэ? Цаашид энэ чиглэлд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

Хариулт: Барилгын салбарт даатгалын тогтолцоо сайн нэвтрээгүй байна. Даатгалын тогтолцоог яаж бий болгох, эрсдэл нь ямар хэмжээтэй байх вэ гэдэг дээр даатгалын байгууллагууд судалгаа хийж байна. Хэрвээ барилгын салбарт даатгал бий боллоо гэхэд давхар даатгалын системтэй байх болов уу гэж бодож байна. Одоогоор ажилчдын амь насны даатгалаас хэтрэхгүй байна. Барилгын салбарт даатгалын систем үйлчлэх зайлшгүй шаардлага байгаа юу гэвэл байгаа. Үүнээс цааш нарийн юм хэлж мэдэхгүй юм байна.

Эх сурвалж: БАРИЛГА МН сэтгүүлийн 2015 оны архиваас.

Нийтэлсэн: 2020-10-13

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.