-“Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” /БНбД 22-01-21/ барилгын норм ба дүрмийг шинэчлэн баталсан. Та энэ норм ба дүрмийг боловсруулсан хүмүүсийн нэг. Тиймээс нормын тухай ерөнхий мэдээллийг манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Монгол орны газар нутгийн 75%, барилгажилтын 90% гаруй нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг. Тиймээс газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх нь барилгын бат бэх чанарын асуудалтай шууд холбоотой учраас газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөхдөө норм дүрмийн шаардлагыг сайтар тусгах ёстой гэсэн үг. Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, тавигдах шаардлагуудыг тогтоосон норматив баримт бичгүүдийг боловсруулж гаргах, боловсруулж гаргасан норматив баримт бичгүүдийг шинэчлэх ажлуудыг барилгын асуудал хариуцсан төрийн байгууллагаас тасралтгүй хийж байдаг. Энэ ажлын хүрээнд дээрх ном ба дүрмийг 2017 онд шинэчлэн боловсруулсныг 2021 оны 11 сард баталсан байна.
-Энэ норм дүрмийг өөрчлөх шалтгаан, шаардлага нь юу байв?
-Өмнөх норм дүрэм нэлээд хуучирсан. ОХУ-ын 2000 онд гарсан норм дүрэмд үндэслэн манай норм боловсруулагдсан байсан юм. Үүнээс хойш манайх энэ норм, дүрэмд өөрчлөлт хийгээгүй. Харин ОХУ норм дүрмээ олон удаа шинэчилсэн. Сүүлийн жилүүдэд жил бүр өөрчлөлт, шинэчлэлт хийж ирсэн. Тодруулбал, ОХУ нь 2008 онд Европын холбоонд гишүүнээр элсэх ажлыг эхлүүлж, энэ хүрээнд европын норм, стандартуудыг өөрийн улсын барилгын норм стандартуудад нийцүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр маш их өөрчлөлт хийсэн юм. Тэр дундаа газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм ихээхэн өөрчлөгдөж, Европын холбооны жишиг рүү нэлээд ойртсон.
Нөгөө нэг хүчин зүйл нь, 2017 оноос Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт бусад хот суурин, аймгийн төвүүдэд газар хөдлөлтийн хөнөөлийн бичил мужлалын ажлыг шинээр хийж батлуулж байгаа. Газар хөдлөлтийн хөнөөлийн давтагдал, эрчмийг олон улсын жишгийн дагуу өөрчлөх зорилготой гэсэн үг. Ер нь бол манай хуучин мужлал газар хөдлөлтийн хөнөөлийн бичил мужлал 1970-1980 хэдэн онд өөрчлөгдсөн хойш дахин өөрчлөлт ороогүй, нэлээд хуучирсан байсан. Бидний норм дүрмийг суурь болгож авч хэрэглэдэг ОХУ-ын норм дүрэм 1997 оноос хойш газар хөдлөлтийн бичил мужлалаа шинэчилж, өөрчилж ирсэн байдаг.
-“Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” /БНбД 22-01-21/ барилгын нормд ямар ямар онцлох өөрчлөлтүүд оров ?
-Шинэчилсэн норм газар хөдлөлтийн бүсэд шинээр төлөвлөж байгаа барилга, мөн засвар, өөрчлөлт хийх барилгуудад үйлчилнэ. Мөн тээврийн барилга байгууламжууд, усан техникийн барилга байгууламжууд, зам гүүр гэх мэт барилга байгууламжуудыг хамарсан норм дүрэм юм.
Шинээр хуучин байсан нэлээд заалтууд, нэр томьёог өөрчилж, зарим тулгуур ойлголтуудыг өөрчилж шинэчлэн, бас нэмж, шинэ олон бүлгүүд нэмэгдсэн. Жишээлбэл, ган бүтээц, цутгамал төмөр ханатай барилга, том блокон барилга, галын хэсэг гэх мэтээр шинэ бүлгүүд нэмэгдсэн байна. Мөн барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг сааруулах зорилгоор тавьдаг тусгаарлагч, сааруулагчийг тавьсан барилга байгууламжуудад тавих үндсэн шаардлагуудыг багтааж өгсөн байна. Мөн газар хөдлөлтийн дараа эвдэрч хэмхэрсэн барилгуудыг сэргээн засах, газар хөдлөлтийн бат бэхийг үнэлээд, шаардлага хангахгүй барилгуудыг хүчитгэж бэхжүүлэх талд тавих ерөнхий шаардлагуудыг багтаасан. Нэр томьёо, тодорхойлолтуудыг шинэчлэгдсэн. Олон улсын жишигт нийцсэн нэг томоохон өөрчлөлт бол Өндөр ба онцгой барилгуудад газар хөдлөлтийн төсөвлөлт буюу газар хөдлөлтийн үйлчлэлийг 2 түвшинд заавал авч үзэхийг шаардсан шаардлага шинээр нэмэгдсэн. Төсөвлөлтийн ямар түвшинд тооцооны ямар газар хөдлөлтийг авах вэ гэдэг ойлголтыг зааж өгсөн гэсэн үг.
Мөн өндөр ба онцгой барилгад газар хөдлөлтөд хөрсний ангиллын үзүүлэлтийг нэмж тодотгож өгсөн байна. Хуучин бол хөрсний геологийн бүрэлдэхүүнээр байсан бол одоо газар хөдлөлтийн хэлбэлзэл уг хөрсний орчин дундуур тархах хурд, хөрсний нягтыг харуулдаг стандарт, туршилтуудыг тооцож үзэх ийм шаардлагыг нэмж тавьсан байгаа. Барилгад нөлөөлөх газар хөдлөлтийн хүчний хэмжээг тодорхойлоход хамгийн нөлөө бүхий зөвхөн газар хөдлөлтийн хүчнээс хамаардаг барилгын динамик илтгэлцүүр гэж бий. Энэ илтгэлцүүрийн хуучин нормд томьёо ба графикийг зааж өгсөн бол одоо үүнээс гадна зохих үндэслэл байвал судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр өөрсдөө боловсруулж, тухайн барилгад илүү хөнөөлтэй, тохиромжгүй эсэхийг олж тогтоож хэрэглэхийг зөвлөсөн. Өндөр ба онцгой барилгад бүр тусгайлсан судалгаагаар энэ илтгэлцүүрийг тогтоож хэрэглэх шаардлагыг зааж өгсөн байгаа. Энэ үүднээс өндөр барилгад нормд заасан динамик илтгэлцүүрийг зөвхөн тооцоо төслийн урьдчилсан шатанд хэрэглэхийг зааж өгсөн байна.
Мөн тооцооны талаарх хуучин нормд байсан зарим дутагдалтай зүйлүүдийг илүү тодруулж, сайжруулсан байна. Үүний нэг жишээ бол тооцооны загварыг хэд хэдэн янзаар, энгийн барилгад ямар байх уу, төвөгшилтэй барилгад ямар байх уу гэх мэт шинэ заалтууд орсон байна. Ингэхдээ энгийн төлөвлөлттэй барилга нь ямар барилга вэ гэдгийг нарийвчилж зааж өгсөн. Мөн шугаман бус нарийн, өндөр түвшний тооцооны аргыг олон улсын түвшинд зааж өгсөн. Шугаман бус хугацаагаар шинжлэх арга, мөн шугаман бус статик аргуудыг хэрэглэхэд тооцооны загварыг хэрхэн авах, тооцооны ямар үзүүлэлтийг шалгах, ийм заалтуудыг нэмж өгсөн. Зураг төсөлчдөд эрх чөлөө олгох зорилгоор барилгын байгуулалт болон өндрийн дагуу хөшөөнийг өөрчилж, уян хатан өөрчилж, ихэсгэж, багасгаж болох ийм заалтууд орсон. Ер нь Монгол Улсын барилгын зураг төсөлд баримтлах норматив баримт бичгийн тогтолцоо гэдэг удирдлагын баримт бичиг батлагдсантай холбоотойгоор зураг төсөлч маань тухайлсан нэг объектод норм дүрмийг илүү чөлөөтэй, норм дүрэмд зааснаас өөрөөр хийх, тусгайлсан техникийн нөхцөл боловсруулж батлуулж зураг төслөө хийх ийм бололцоо хэвээрээ байгаа. Энэ нормын өөрчлөлтөөр шинээр хүндрэл бэрхшээлийг бий болгосон зүйл байхгүй. Хуучин шаардлагуудыг тодотгосон, сайжруулсан, эмхэлж цэгцэлсэн гэж ойлгож болно. Энэ нормтой холбогдсон тооцооллыг орчин үеийн программын хэрэгслүүд ялангуяа манайд зөвшөөрөлтэй программаар бүгдийг нь хийх бололцоотой байгаа. Шинээр боловсруулсан нормын заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэхэд туслах зорилгоор нормыг тайлбарласан барилгын дүрмийг мөн шинээр боловсруулсан, одоо батлах шатандаа орж байна. Энэ барилгын дүрэмд газар хөдлөлтийн нормын шаардлагуудыг биелүүлж хэрэглэхэд туслах заавар, зөвлөмжүүдийг өгсөн ийм ач холбогдолтой баримт бичиг юм.
Эх сурвалж: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Нийтэлсэн: 2022-10-03