• 976-11-330985
  • info@mace.org.mn

БАРИЛГЫН КОНСТРУКТОР ИНЖЕНЕРИЙН АНГИЙН АНХНЫ ТӨГСӨЛТИЙНХӨН 40 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монгол Улсын барилгын салбарт мэргэжилтэй инженерүүдийг бэлтгэх зорилгоор тухайн үеийн МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1978 оны 12-р сарын 28-ны өдрийн 26-р тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн физик-математикийн факультетийн математикийн ангийн шилдэг 30 оюутныг барилгын инженер-конструктор мэргэжлээр төгсгөсөн түүх 1981 оных. Эдүгээ тус ангийнхан 40 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Төр, засгийн удирдлагын шийдвэрийн дагуу тухайн үеийн МУИС-ийн ректор Н.Содном нь конструкцийн тэнхмийн эрхлэгч Г.Базарт Барилгын зохион бүтээх инженерийн анги нээгдэж байгаа тул шинэ сургалтын төлөвлөгөө зохиож батлуулж ажиллах”-ыг үүрэг болгосон тушаал 1979 оны 02-р сарын 28-ны өдөр гаргаж байжээ. Ийнхүү 3-р курсын эхний улирлыг дуустал математикийн ерөнхий эрдмийн хичээлүүдийг үзэж байсан оюутнууд үлдсэн 2.5 жилд багтаан барилгын инженер-конструкторын мэргэжлийг эзэмшихээр болж шахуу программтайгаар хичээллэж эхэлсэн гэдэг. Харин математикаар “өвчилсөн, барилгын тухай ойлголтгүй оюутнуудыг барилга архитектурын факультет руу шилжүүлэхийн тулд багш нь Улсын Барилгын Зураг Төслийн Институтийн удирдлагуудтай уулзуулж, товчоодын үйл ажиллагаатай танилцуулж, бүр хүлээн авах үдэшлэг хүртэл зохион байгуулж байжээ. Улмаар Барилгын материалын үйлдвэр баазууд, Байшин үйлдвэрлэх комбинатууд, Төмөр бетон завод, Техник туслалцааны үйлдвэрийн барилгын трестүүдэд болон барилга угсралтын байгууллагууд дээр үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, УБ хотод 120 автобус баазын барилгын шугам сүлжээний газар шорооны ажил, Тэрэлжийн автозам засварын ажилд оролцуулан, барилгын зураг төслийн байгууллагуудад танилцах дадлага хийлгэсэн байна. Ингээд эцэст нь Монгол Улсад бэлтгэгдсэн анхны барилгын инженер-конструкторуудаас 1-ийг нь сургуульдаа багшаар, 1-ийг нь Барилгын яаманд, бусдыг нь МУИС-аас Барилга Архитектур Техник Хяналтын Улсын хороонд томилсноор тухайн үеийн нэршлээр Улсын барилгын зургийн төв институт /УБЗТИ/, Хөдөө аж ахуйн барилгын зургийн институт /ХААБЗИ/, Цэргийн барилгын зургийн институт /ЦБЗИ/-үүдэд хуваарилагдан ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

Барилгын инженер-конструкторын ангийг төгсөгчдөөс барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, барилгыг богино хугацаанд барих, барилгын үйлдвэрлэлийн хугацааг уртасгаж, дэвшилт хийц, эдлэл, материал хэрэглэн, шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх технологийн шийдлийг гаргах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, орон нутгийг хөгжүүлэх, барилгын норм норматив болон эрх зүйн орчныг боловсронгуй болгон тэргүүлэх салбарын түвшинд хүргэхэд оруулсан үнэтэй хувь нэмрээ үнэлүүлж төр засгийн шагнал, мэргэжлийн зэрэг дэв авсан хүн олон. Тухайлбал, энэ ангиас 18 хүн Монгол Улсын зөвлөх инженер зэрэгтэй, 4 нь эрдмийн профессор, доктор зэрэг цолтой төдийгүй 2 нь Монгол Улсын гавьяат барилгачин,  5 нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 11 нь Алтан гадас одон, 3 нь Хөдөлмөрийн хүндэт медаль, 17 нь Тэргүүний барилгачин, 5 нь Улсын хяналтын тэргүүний ажилтан, 1 нь Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдгийг тус тус хүртээд байна.

Дэлхийн барилгын салбарын хөгжлийг Монголдоо түүчээлэх үйлсэд барилгын инженер-конструкторуудын оюун ухаан, хүч хөдөлмөр, мэдлэг чадвар зүтгэл чармайлт их байсан. Тухайлбал, барилга байгууламжийн тооцооны “Лира" программыг анх удаа нэвтрүүлж, нутагшуулах, зураг төслийг автоматжуулах ажилд энэ ангийнхан л оройлон оролцсон түүхтэй. Тэд одоо ч барилгын зураг төсөл, барилгын угсралт, үйлдвэрлэлийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, боловсон хүчнийг сургаж, залгамж халаагаа бэлтгэн, мэдлэг чадвар, оюун ухаан, туршлагаа шинэ үеийн инженерүүддээ өвлүүлсээр байна.

Нийтэлсэн: 2022-07-06

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.