• 976-11-330985
  • info@mace.org.mn

МОНГОЛ УЛСАД БЭЛТГЭГДСЭН АНХНЫ БАРИЛГЫН КОНСТРУКТОРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул нар Монгол Улсад бэлтгэгдсэн анхны барилгын инженер-конструктор мэргэжлээр төгсөгчдийн төлөөллийг холбооны байранд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр тэд өөрсдийн гаргасан “Барилгын инженер конструктор түүхэн товчоо” номыг холбоонд дурсгав.

Төгсөлтийнхөө 40 жилийн ойг тэмдэглэж буй тус ангийнхнаас холбооны түүхийг бичилцсэн хүн цөөнгүй. Тус ангийн төгсөгч, гавьяат барилгачин Э.Ганзориг нь 2001-2015 онд холбооны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж холбооны үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад харилцааг өргөжүүлэн тэлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан “Хүндэт Ерөнхийлөгч”-өөр өргөмжлөгдсөн төдийгүй холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 22 дахь жилдээ ажиллаж байна. Түүнчлэн Б.Баасан /6 жил/, Т.Мөнхбаяр /2 жил/, дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэсүрэн /10 жил/ нар Удирдах зөвлөлийн гишүүнээр, П.Мягмар Хяналтын зөвлөлийн гишүүнээр /4 жил/, Б.Гантөмөр гүйцэтгэх захирлаар /14 жил/ ажиллан холбооны үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад байна. Төрийн бус байгууллагад өөрийн ажил, амьдралаас хугаслан байж олон жил сэтгэлээ зориулна гэдэг салбарынхаа хөгжлийн төлөө зүтгэх сэтгэлтэй, мэргэжилдээ хайртай хүний хийдэг үйлдэл билээ.

Уулзалтын үеэр холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд,

-Монголдоо анх удаа бэлтгэгдсэн барилгын инженер-конструкторуудын түүх манай барилгын салбарт домог шиг яригддаг. Олон ч мундаг инженерүүд төрөн гарсан. Тэднээс онцлон дурдахад манай Э.Ганзориг гавьяат бол холбооны Хүндэт ерөнхийлөгч. Холбоог олон жил удирдан чиглүүлж, өнөөг хүртэл дотооддоо болон олон улсад байр суурийг нь баталгаажуулсан хүн. Мөн Н.Эрдэнэсүрэн олон жил холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байж, 2021-2024 оны дэд ерөнхийлөгчөөр хамтран ажиллаж байна. Манай холбоо бол танай ангийн түүхтэй салшгүй холбоотой хэмээн онцлон тэмдэглэв.

Барилгын инженер-конструкторын ангийн төгсөгч, гавьяат барилгачин Э.Ганзориг ангийн хамт олон болон барилгын салбарт оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийн талаар,

-Монголын үндэсний анхны гэдэг нь 1959 онд Г.Базар багшийн удирдлага дор барилгын инженерийн сургалтыг бий болгосонтой холбоотой. Үүнээс Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн суурь тавигдаж, 1961 онд анхны төгсөлтөө хийсэн байдаг. Манай ангийн ялгаа нь барилгын конструктор инженер буюу барилгын бүтээцийн зураг төслийн инженерийг намын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоолоор Монгол Улсын Их Сургуулийн физик-математикийн ангиас 30 хүүхдийг 2.5 жилийн тусгай сургалтын хөтөлбөр гаргаж бэлтгэсэн явдал.

Манай ангийнхан барилгын салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтад үнэхээр үүрэг рольтой, тэргүүлэх байдлаар оролцож чадсан. Зураг төслийн чиглэлээр яваа хүмүүс маань 1990-ээд онд 3 том төв байгууллагуудад ерөнхий инженерээр ажиллаж, техникийн бодлогыг удирдсан. Олон хүн товчоо, салбаруудын эрхлэгч, дарга байсан. 1990 оноос хойш төрийн захиргааны олон байгууллагуудад дарга, дэд даргаар үр бүтээлтэй ажилласан. Мөн Б.Гантөмөр бид 2 төрийн бус байгууллагын салбарт чадан ядан зүтгэлээ. Энд манай ангийнхан ч бас зохих хувь нэмрээ оруулсан. Мэргэжлийн инженерийн давтан сургалт, мэргэжил дээшлүүлэх тал дээр ч бас оройлон оролцож, олон хүн хичээл заасан. Салбарын бодлого боловсруулахад дүрэм журам, норм нормативийн баримт бичиг, стандартууд боловсруулахад маш их оролцсон. Гадаадаас Монголд хэрэгжсэн төслүүд дээр ажилласан. Манай ангийнхан Монголын барилгын бүтээцийн салбарт бүгд мэддэг, бахархдаг хүмүүс болон үлдэж, түүхэнд тод мөрөө үлдээсэн учраас ангийнхнаараа бахархдаг хэмээн дурдсан юм.

Тус ангийн төгсөгчид бол манай улсын барилгын салбарын зураг төслийн түүхэнд хувь нэмрээ оруулж, ажил амьдралын гараагаа тухай үеийн барилгын зургийн товчооноос эхлүүлцгээсэн алдартнууд билээ. Өнгөрсөн, одоо, ирээдүйд энэ ангийн хамт олон манай холбооны түүхэнд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж байсан бөгөөд манай салбарын шилдэг инженерүүд хэмээн бид бүхэн талархан хүндэтгэж байдаг билээ. 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг Барилгын инженер-конструктор мэргэжлээр төгссөн төгсөгч Та бүхэнд төгсөлтийн тань 40 жилийн ойн баярыг тохиолдуулан ажил, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


        

Нийтэлсэн: 2022-07-06

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.