• 976-11-330985
  • info@mace.org.mn

"БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙ" ОЛОН УЛСЫН ЯРИЛЦЛАГА БОЛЛОО.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны оны уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Барилгын инженерийн ёс зүйн дүрэм” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага 2022 оны 6-р сарын 24-ний өдөр болж өндөрлөлөө.

Уулзалтад гадаадын барилгын салбарын ТББ-уудыг төлөөлж  Америкийн Барилгын Инженерүүдийн Холбоо (ASCE)-ны 2019 оны Ерөнхийлөгч хатагтай Robin А.Kemper, Тайванийн Барилга болон Усны Инженерүүдийн Институт (CICHE)-ны ийг төлөөлж Luh Maan Chang, Anita, Японы Барилгын Инженерүүдийн Холбоо (JSCE)-ийг төлөөлж Eiki Yamaguchi, Izawa, Азийн Барилгын Инженерүүдийн Холбооны Зохицуулах Зөвлөл (ACECC)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Udai P.Singh нар цахимаар, Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъяанчойжил, С.Баярцэцэг, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын байцаагч н.Ганбат, Монголын Барилгын Төсөвчдийн Холбооны Тэргүүн Ү.Банди, УЗ-ийн гишүүн С.Эрдэнэцэцэг, Монголын Инженер Геологичдын Холбооны Ерөнхийлөгч А.Батсайхан, Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбооны УЗ-ийн гишүүн Б.Оюунбилэг, Монголын Өргөн Тээвэрлэх Машин Төхөөрөмж Үндэсний Холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд, Монголын Архитекторуудын Эвлэлийн Дэд Ерөнхийлөгч Д.Зориг, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн  Ёс зүйн хорооны гишүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагын төлөөлөл нар  танхимаар, нийт 50 гаруй төлөөлөгчид  оролцов.

Энэ удаагийн дугуй ширээний ярилцлагаар Robin Kemper “Инженерийн ёс зүй - Та юу хийх ёстой вэ” сэдвээр илтгэл тавив. Тус илтгэлд Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны Ёс зүйн дүрмийн шинэчлэгдсэн өөрчлөлтийг нарийвчлан тодорхой жишээ татан тайлбарлаж, ёс зүйн хувьд зөрчил гаргахад хүргэсэн нөхцөл байдалд орвол ямар арга хэмжээ авч болох талаар залуу мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгсөн. Мөн Америкийн барилгын инженерийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд Ёс зүйн хорооноос дүгнэлт гарган, Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд гишүүнчлэлээс хасах хүртэл арга хэмжээ авдаг, зарим тохиолдолд ёс зүйн алдаа гаргасан мэргэжилтэн өөрөө өргөдлөө өгч гишүүнчлэлээс гардаг. Хэрэв гишүүнчлэлээс дээрх шалтгаануудаар гарсан бол эргэж гишүүн болох боломжгүй болдгийг онцлов.

Мөн Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны УЗ-ийн гишүүн Т.Түмэн-Өлзий “МБИХ-ны инженерүүдэд мөрдүүлж буй ёс зүйн дүрмийн цар хүрээ, зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны 2019 оноос боловсруулсан “Барилгын инженерийн ёс зүйн дүрэм”-ийн Зорилго, Үндэслэлээс гадна Инженерийн ёс зүйн Үндсэн зарчим, Хэм хэмжээ, Инженерийн хариуцлага, Зөрчлийг мэдээлэх, шийдвэрлэх болон Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих, Ёс зүйн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлагын талаар онцолсон илтгэл тавилаа. 

Илтгэлүүдийн дараа гадаад орны төлөөлөгчид өөрсдийн оронд барилгын инженерүүдийн мөрддөг ёс зүй, хэм хэмжээ, хариуцлага, хэрэгжүүлэлтийн талаар товч танилцуулж, санал бодлоо солилцоцгоов.  

Дугуй ширээний ярилцлагад оролцогчдын санал болон хэлсэн үгийг эш татвал:

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг:

Америкт бол мэргэжлийн холбоод нь салбарынхаа ёс зүйн болон норм дүрмийн бүх ажлыг хийдэг. Манай улсад мэргэжлийн холбоод нь ёс зүйн дүрмээ боловсруулаад хэрэгжүүлээд явахад хариуцлага тооцох ямар ч эрх байдаггүй. Тэгэхээр бид ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудтай хамтран бодлогын түвшинд хамтарч ажиллах хэрэгтэй байна.



Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Баярцэцэг:

2022 оны эхний хагас жилийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбартай холбоотой 112 өргөдөл, гомдол, мэдээлэл ирснээс 75 нь гэмт хэргийн шинжтэй, 32 нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой, 4 нь харьяалалд хамаарахгүй, 1 нь төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байна. Үүнээс төрийн албан хаагчийн үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой өргөдөл гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Эднээс хамгийн анхаарах нэг зүйл бол ёс зүйтэй холбоотой гомдол. Ёс зүй зөрчигдөөд, даамжираад ирэхээр ашиг сонирхлын зөрчил үүсч, эргээд авлига, хээл хахуулийн хэсэг бий болох үндэс суурийг тавьдаг. Ийм авлига, хээл хахууль, ёс зүйтэй холбоотой гомдол нэлээд өндөр хувийг эзэлж байгаа. АТГ-аас өнгөрсөн 5-р сараас эхлэн барилгын салбарт чиглэсэн ажлуудыг төлөвлөсөн. Үүний гол агуулга нь барилгын салбарт тулгарч байгаа авилгын эрсдэлийг таслан зогсоох. Хэрэг зөрчлийг багасгах, авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх явдал. Энэ ажлаа эхлээд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилгын үндэсний ассоциацитай уулзаад явж байна. Барилга барих үйл ажиллагаанаас эхлээд зураг төсөл, угсралт гээд барилга ашиглалтад ороод хүлээлгэх өгөх хүртэлх бүх шатны ажилд оролцдог байгууллагуудтай нэгдсэн байдлаар уулзах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид яам болон төрийн бус байгууллагуудтай урьдчилан сэргийлэх тал дээр сургалт болон контентын хэлбэрээр хамтарч ажиллах бүрэн боломжтой.

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъяанчойжил:

Барилгын салбар өөрөө оролцогч талууд ихтэй. Үүнийгээ дагаад хамрах хүрээ өргөнтэй. Энэ дотроос хаана ёс зүй зөрчөөд, авлига хээл хахууль байгаа вэ гээд харахаар хувийн хэвшлийнхэн дунд их гардаг. Тэр дундаа гэрээлэх процесс дээр явагддаг юм байна. Түрүүн Э.Ганзориг гуайн хэлснээр хариуцлага тооцох механизм дутмагтай холбоотойгоор хувийн хэвшлийнхэн энэ зөрчлийг их гаргаж байна. Сүүлийн үед ажил үйлчилгээний төлбөр бартердах хэлбэрт шилжчихлээ. Үүнийг дагаад эрх мэдэл бүхий хүмүүс байшин, машин зэргээ өндөр үнээр шахдаг. Бэлэн мөнгө, авлига өгөв үү гэхээр бодитоор харагдах зүйл байдаггүй. Гэхдээ энэ нь гэмт хэрэг мөн үү гэж үзвэл мөн. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 12 дээр “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж байдаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол үнэхээр цаг үеэ олсон, чухал сэдвийг хөндсөн арга хэмжээ болж байна. Заавал хэрэг зөрчил гарсан хойно биш түүнээс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Үүний тулд барилгын салбарт, инженерүүдээ ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх талаар ажиллаж байгаад талархалтай хандаж байна.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ерөнхийлөгч А.Ариунболд:

Манай салбарт тулгамдаж байгаа асуудал олон бий. Ний нуугүй хэлэхэд барилгын салбарынхан нэр хүнд муутай болчихсон өнөөгийн байдлыг бид засч, залруулахыг хичээх ёстой гэдэг байр сууртай байна. Цаашдаа АТГ-ын зохион байгуулж байгаа ажилд манай холбоо хамтран ажиллахад бэлэн байна.

Бид залуу инженер, мэргэжилтнүүдээ соён гэгээрүүлж чадах юм бол тэднийг зөв замаар алхахад нь тус дэм болж, буруу тийшээ хазайхаас хамгаалах ёстой. Хамтдаа хичээх хэрэгтэй байна. Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны ёс зүйн дүрэм дээр үндэслэн боловсруулсан энэ дүрмийг бусад ТББ-ууд авч хэрэглэх бүрэн боломжтой болов уу. Магадгүй АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн гэрээнд авилга, ёс зүйн талаар тусгасан  тохиолдолд хариуцлага сайжрах боломж бий.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Түмэн-Өлзий:

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлага нь мэргэжлийн бус хүн байлаа ч гэсэн өөрийн багт ажиллаж буй инженерүүддээ ёс зүйг баримтлах талаар шаардах, ингэхийн тулд манай холбоотой энэ чиглэлээр нягт хамтран ажиллах нь үр дүнтэй төдийгүй  барилга дээр чанар болон ёс зүй ямар асуудлууд гардаг вэ гэдэг мэдлэг мэдээлэлтэй ойр болно. Ингэснээр  эрсдэлд орж болох инженерүүдээ хамгаалуулах нөхцөл бүрдэнэ. Харин бидний хувьд инженерийн ёс зүйг бусдад түгээх нь зөвхөн Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны гишүүд, гишүүн байгууллагын инженерүүдэд гэж хязгаарлахгүйгээр нийт салбарын инженерүүдийг хамруулах шаардлага бий болж буйг энэ арга хэмжээ илэрхийлж байна. Энэ үүднээс цаашид мэргэшсэн зэрэг сунгах, горилох мэргэжилтнүүдийн багц цагийн сургалтад ёс зүйтэй холбоотой, хэм хэмжээний тухай ойлголтыг өгч буй сургалтын хөтөлбөрөө сайжруулах юм. Иймийн тулд сургалтын чиглэлд ёс зүйн хэм хэмжээ зөрчих, түүний нэг илрэл болох авилга хээл хахуулын талаар соён гэгээрүүлэх агуулга бүхий мэдлэг таниулах тал дээр АТГ-тай хамтарч ажилламаар байна. Тэгвэл бидний бие биеэ  дэмжих бодлого, зохицуулалт, хамтын ажиллагаанд нөлөөлнө. Ёс зүйтэй холбоотой үүсээд байгаа асуудлуудыг мэдээлэхээс гадна урьдчилан таниулах явдал хамгийн чухал. Магадгүй мэдлэг, мэдээлэл дутмаг инженер хуучин ийм байсан гэх ч юм уу, өөрөө буруутай үйлдэл хийж байгаагаа мэдэхгүй явж байгаад хохирох магадлалтай. Иймээс инженерүүдээ хамгаалах, хуулийн хүрээнд хариуцлага хүлээх хэмжээнд хүргэхгүйгээр засч залруулах нөхцөл бий болно гэж харж байна.

Архитекторуудын эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Зоригт:

Манай эвлэлийн хувьд өөрийн ёс зүйн дүрэмтэй, энэ нь тунхагын маягтай байдлаар хэрэгжиж байна. Гэхдээ өнөөдрийн танай танилцуулсан дүрмийг харахаар цаг үетэйгээ тохирсон, шинэчлэгдэж өөрчлөгдсөн их аятайхан дүрэм санагдлаа. Манай архитекторуудад хэд хэдэн хэцүү асуудал тулгардаг. Ялангуяа төрийн байгууллагад ажилладаг архитекторуудад тухайн хүн өөрийн мэргэжлийн хүрээнд зөвшөөрөхгүй байсан ч дээрээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд гарын үсэг зурах явдал гарсаар байна. Бид архитекторуудаа соён гэгээрүүлэх ажил хийхгүй бол цаашдаа залуу архитекторууд ажил авахын тулд захиалагчийн хүссэн бүхнийг норм дүрэм зөрчөөд ч хамаагүй хийдэг асуудал явангуяа хувийн компаниуд дээр ажиглагдаад байна. Эргээд хариуцлага яригдаад ирэх үед ажлаа өгөөд явчихсан, ажлаа өгснөөр хариуцлагаас мултарчихсан байх жишээтэй. Энд хүний амь нас, эд хөрөнгө, улс нийгэмд учруулсан хохирол гээд яригдах асуудал асар их үлддэг. Уг нь бол архитектор хүн ёс зүйгээ баримтлаад шаардлагаа тавиад явах ёстой шүү дээ. Гэхдээ хэдийгээр норм дүрэм зөрчсөн ч магадлал дээр ирээд буцах учиртай. Бид нэгэнт салбарын байгууллагууд цугларсан дээрээ эдгээр асуудлуудыг хоорондоо ярилцаж, цаашид хэрхэн хамтрах, шийдэх талаар хэлэлцэх саналтай байна. Түүнчлэн манай төрийн бус байгууллагуудын эрх зүйн чадамж муу учраас хэдэн ч ёс зүйн дүрэм батлаад нэмэргүй байна. Бид салбарын хэмжээнд мөрддөг, хэрэгжүүлдэг эрх зүйн баримт бичигт ёс зүйтэй холбоотой зүйл оруулах нь чухал байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Энхтүвшин:

МХЕГ-т 2022 оны эхний хагас жилийн байдлаар 21 аймгийн хэмжээнд 2100 гаруй барилга байгууламжийн ашиглалт угсралтын ажил дээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, энэ ажлын хүрээнд 334 албан шаардлага гаргажээ. Энэ бол цэвэр талбай дээр ажиллаж байгаа инженер техникийн ажилчдын үйл ажиллагаатай холбоотой. Бид өнөөдөр ярилцаж байгаа  барилгын инженерийн ёс зүйн талаар Барилгын тухай хуульд ч юмуу тодорхой нэг заалт оруулаад, тэр заалттай уялдуулаад хэрэгжүүлж чадвал хамгийн чухал үр дүн гарна.

Мөн төрийн байгууллагад ажиллахаар орж буй салбарын инженерүүдэд  Мэргэжлийн холбоодоос тодорхойлолт авдаг шаардлага оруулж, түүндээ ёс зүйн талаар чодорхой мэдээлэлтэй байх шалгуур байвал зүгээр болов уу. Одоо барилгын салбар орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж байгаа. Залуучууд их болж байна.  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 80, ерөнхий газрын  60, 70% нь залуучууд байна. Үүнтэй холбоотойгоор ажлын талбар дээр дээр хүндрэл их гарч байна. Залуу хүн байцаагчааар ажиллуулж болохгүй гэсэн заалт байхгүй хэдий ч төрийн албанд залуучуудыг ажилд авахдаа 3-5 жил ажилласан, мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй, ёс зүйн зөрчилгүй байхыг шаардлага оруулж, үүнийг мэргэжлийн холбоод нь тодорхойлох зэргээр бодлогын хүрээнд хөндөж тавих асуудал нэлээд байна гэж харж байна.

Барилгын төсөвчдийн холбооны тэргүүн Ү.Банди:

Манай холбоо ёс зүйн дүрэмтэй, ёс зүйн хороотой. Манай төсөвчид дандаа барилгын инженерүүд байдаг төдийгүй хууль бус санал, шахалтыг нэлээд авдаг хүмүүс. Бид инженерууд тул ёс зүйн дүрмээ Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дүрэмтэй уялдуулахаас гадна төрийн бус байгууллагуудын хуультай холбож сайжруулах шаардлагатай юм байна. Бид ёс зүйтэй холбоотой гомдол саналыг харилцан шийдэж, харилцан бие биедээ мэдээлж баймаар юм байна.

Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюунбилэг:

Барилгын Зураг Төсөл Зохиогчид гэхээр барилгын инженер, архитектор, төсөвчид бүгд багтдаг. Бид бүгд нийлж байж бүтээн байгуулалт хийдэг тул мэргэжлийн холбоод бүр өөрийн Ёс зүйн дүрэмтэй байж болох боловч Салбарын хувьд нэг ёс зүйн дүрэмтэй байж, түүнээс улбаалан мэргэжил бүрээр журам болох хэрэгтэй болов уу.  



Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч н.Ганбат:

Нийслэлийн МХГ-т 2021 онд барилгын салбартай холбоотой 5800 орчим өргөдөл гомдол ирсэн. Үүний 60% нь дэд бүтэц, барилгатай холбоотой. Тэр дундаа барилгын ажлын зөвшөөрөл, хот төлөвлөлт, барилга ашиглалттай холбоотой өргөдөл, гомдол дийлэнх хувийг эзэлдэг. Өргөдөл, гомдлын дагуу шалгахад инженер техникийн ажилчид, зураг төслийнхөнд мэргэжлийн ёс зүй дутмаг байгаа нь анзаарагддаг. Захиалагчийн хүсэлтээр зөвшөөрөл олгоод, ямар ч норм дүрэм хангаагүй зураг төслийг батлах, аль болох хурдан барилгаа барьж дуусгах гэж яараад норм стандартаа мөрдүүлэхгүй ажиллах гэх мэт зөрчлүүд маш их гардаг. Бид тэдний үйл ажиллагаан дээр хяналт шалгалт хийж байгаа ч ёс зүйн алдаа гаргасан эсэх дээр ажиллаж чадахгүй байгаа. Барилгын тухай хууль дээр барилгын салбарын ажилтны эрх, үүрэгт ёс зүйтэй холбоотой заалт огт тусгаагүй. Бидэнд барих юм огт байхгүй ч ТББ-уудын гаргасан ёс зүйн дүрмийг хуулийн нэгэн адил авч хэрэгжүүлж, хэрэгжилтийг хянах чадамж байхгүй. Миний бодлоор энэ олон өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд ёс зүйн дүрэм багагүй үүрэг нөлөөтэй юм байна. Энэ дүрэм батлагдаж хэрэгжсэнээр манай ажилд ч бас ахиц гарах юм шиг харагдаж байна.

Монголын Өргөн Тээвэрлэх Машин Төхөөрөмж Үндэсний Холбооны гүйцэтгэх захирал Н.Ганболд:

Манайх бол өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааг хариуцсан цэвэр мэргэжлийн холбоо. Өргөх байгууламжууд яамны хэмжээнд 7 дүрмээр зохицуулагддаг. Бидний хувьд Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны ёс зүйн дүрмийг баримтлаад явахад болохгүй юм огт байхгүй. Дээрээс нь өргөх байгууламжийн инженерийн ёс зүйн дүрэм тусдаа байх шаардлагагүй гэж үздэг. Хамгийн гол юм бол сургалт, тусгай зөвшөөрөл зэрэг зүйлүүд дээрээ ёс зүйн дүрмээ холбоод явчих юм бол ерөнхийдөө болно гэж үзэж байна. Хамтын ажиллагааны хувьд төрийн болон төрийн бус бүх байгууллагуудад нээлттэй, хамтарч ажиллах боломжтой.


Монголын Инженер Геологичдийн холбооны ерөнхийлөгч А.Батсайхан:

Өнөөдөр яригдаж буй ёс зүйн дүрэм бол зайлшгүй хэрэгтэй. Энэ бол бидний хүмүүжил, бидний байгаа илэрхийлэл, бидний цаашид хөгжиж боловсрох, хоорондоо уялдаж, бие биентэйгээ ойлголцох зүйл нь болж байгаа болохоор энэ ёс зүйн дүрмийг хэрэгжүүлж хэвших шаардлагатай байна. Тиймээс та бүхний саналуудыг маш сайн дэмжээд, төрийн байгууллагууд ч гэсэн хамтраад ажиллаасай.

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Ёс зүйн хорооны дарга А.Ичинхорлоо:

Зөвхөн барилгын инженерийн ёс зүй биш юм шүү. Барилгын салбарын бүх инженерт хамаарах учиртай. Холбооны анхны ёс зүйн дүрэм гэвэл 2009 онд хэдхэн зүйл заалттай жижигхэн дүрэм байсан бол одоо нийтсалбарт ажиллаж буй инженерүүдэд чиглэсэн дүрэм болсон гэж үздэг. Энэ дүрэм бол зөвхөн манай холбоонд зориулсан, манай гишүүдэд зориулсан дүрэм биш юм шүү гэдгийг та бүхэн ойлгож аваарай. Барилгын салбарт оролцож байгаа бүх мэргэжлийн хүн, инженер мэргэжилтнүүд хэн нэгний шахалтанд орлоо гэхэд хамгийн түрүүнд бид өөрсдөө мэргэжилдээ үнэнч байх хэрэгтэй. Мэргэжилдээ үнэнч, ёс зүйгээ дагадаг инженерүүд, мэргэжилтнүүдийг бэлтгэх нь бидний гол зорилгуудын нэг юм. Хэдий дүрэмтэй байсан ч яг хариуцлага тооцох тал дээр тусгай зөвшөөрөл сунгахад, мэргэжлийн зэрэг дэв олгох үед  харгалзан үзэх нэг шалгуур боллоо гээд энэ дүрэм сайн мөрдөгдөнө гэхэд асуудалтай. Бид аль болохоор тийм байдал руу л оруулахаар зүтгэж, олон улсын жишгийг баримталж дүрэм дээрээ ажилласан.

Уулзалт ярилцлагын төгсгөлд:

  •  Барилга хот байгуулалтын яам, Авилгатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монголын барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай мэргэжилтний ёс зүйн тал дээр нягт хамтран ажиллах, мэргэжилтнүүдийг ёс зүйн зөрчил гаргахгүй байх талаар мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор сургалт, контентуудыг хамтран хийх ажлуудыг салбарын хэмжээнд зохион байгуулах:
  • Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны мэргэшлийн зэрэг олгох багц цагийн сургалтын хөтөлбөрт буй “Барилгын инженерийн ёс зүй” сэдэвт сургалтын хөтөлбөрт Авилгатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх үйл ажиллагаатай холбоотой болон шаардлагатай мэдээ, мэдээлэл өгөх хичээлийн цаг оруулах, хэрэгжүүлэх;
  • Холбоо нь барилгын салбарын нийт мэргэжилтэн, инженерүүдэд ёс зүйн талаар танилцуулах зорилгоор Авилгатай Тэмцэх газартай хамтран видео контент хамтран хийх;

зэрэг шийдвэрүүд гарлаа. 

 








Нийтэлсэн: 2022-06-28

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.