Сүүлийн жилүүдэд инженерийн удирдлага, инженерүүдийн нэгдмэл үзэл бодолтой байх зарчим ус агаар мэт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл инженерүүдийн ёс зүйгүй байдлын илрэл нь бусдыг буруутгах, дураараа загнах, үүрэг хариуцлагаа чин сэтгэлээсээ ухамсарлаж гүйцэтгэсэн ажлынхаа эцсийн хариуцлагыг хүлээх чадвар байхгүй болсон байна. Ийм бодит нөхцөл байдал барилгын инженерүүдэд нэгэнт хэвшсэн байгаа учраас тэдний олон нийтийн итгэл даах чадварыг нэмэгдүүлэх, үнэт зүйлээ хүндэтгэх, ёс зүйтэй, соёлтой, шударга, хийж гүйцэтгэсэн ажил үүргээ бүрэн хариуцдаг, хууль дүрмийг нарийн чанд мөрддөг болгон төлөвшүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн болно.
Энэ үүднээс Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь 2019 оноос эхлэн “Барилгын инженерийн ёс зүйн дүрэм”-ийг боловсруулсан бөгөөд барилгын инженерийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрмийг баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг тогтоох, хүлээх хариуцлагыг тодорхой болгоход тус дүрмийн зорилго оршино. Мөн дүрмийн үзэл баримтлалын нэг гол үзэл санаа нь олон нийтийн хууль ёсны эрх ашиг болоод инженерүүдийг өөрсдийг нь хамгаалахад чиглэгдсэн.
Энэхүү дүрмийг боловсруулахдаа АНУ, Япон зэрэг гадаад улсын Барилгын инженерийн ёс зүйн дүрэм болоод манай зарим ТББ-ын гишүүддээ мөрдүүлж байгаа ёс зүйн дүрмүүдийг харьцуулан судлах замаар үзэл баримтлалаа гаргасан бөгөөд гол баримжаа чигээ АНУ-ын барилгын инженерийн ёс зүйн дүрмийг баримталж боловсруулсан болно. Барилгын инженерийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлснээр дараах гурван ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:
1. Барилгын инженерийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг зарчим, хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоож өгснөөр инженерүүдийн сэтгэлгээг өөрчилж чадах юм.
2. Барилгын инженерийн хүлээх үүргийг маш тодорхой, нарийвчлан гаргаж өгснөөр энэ дүрэмд орсон зүйл, заалт бүрийг биелүүлж, хэрэглэхэд дөхөмтэй болгосны зэрэгцээ инженер үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд ёс зүйтэй явуулахад туслах гарын авлага болно.
3. Инженерийн үүргийг хэм хэмжээ болгон тодорхой зааж өгснөөр түүнийг хэрэгжүүлж ажиллах эрмэлзлэл, хүсэл зоригийг инженерүүдэд өгөх болно.
Иймээс Холбоо нь 2022 оны 06-р сарын 24-нд 09:30 цагт “Барилгын инженерийн ёс зүй” сэдэвт олон улсын дугуй ширээний ярилцлага арга хэмжээг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт гадаадын барилгын инженерүүдийн холбоодын төлөөлөгчид болон дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцох бөгөөд Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны 2019 оны Ерөнхийлөгч Робин Кемпер, Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Түмэн-Өлзий нар сэдвийн хүрээнд илтгэл тавина.
Иймд энэхүү олон улсын ярилцлага арга хэмжээнд оролцох хүсэлтэй салбарын мэргэжилтнүүдийг цахимаар оролцохыг урьж байна. Арга хэмжээнд Зүүм апп ашиглан оролцоно уу.
Meeting ID: 274 533 4292
Passcode: 20220624
Нийтэлсэн: 2022-06-21