• 976-11-330985
  • info@mace.org.mn

“МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ТӨСЛИЙН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ” АНХНЫ НЕТВОРКИНГ ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ, “Интеллект инвестмент групп” ХХК хамтран барилгын төслийн бизнес хөгжүүлэлтийн талаарх анхны нетворкинг хурал Скай ресортын АСЕМ-ГЭР хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

“Business Development for Construction Mongolia-2022” буюу “Монголын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт-2022” нетворкинг хурлын модератороор Н.Амаржин ажиллаж, Монголын барилгын салбарт бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, газрын эзэд, томоохон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж 49 байгууллагаас ерөнхий болон гүйцэтгэх захирал, санхүү, бизнес хөгжил хариуцсан захирал, төслийн менежер зэрэг 82 хүн төлөөлөгчөөр, БХБЯ болон Монголын топ компаниудыг төлөөлж 9 захирал панелистаар оролцов.


Энэхүү арга хэмжээнд бизнес төслийн хөгжүүлэлтийн чиглэлээр ажилладаг Монгол, Англи, Солонгосын мэргэжилтнүүд илтгэлүүд тавьсан. Тухайлбал, “Интеллект инвестмент групп” ХХК-иас Судалгаа, инновацийн зөвлөх Ц.Батсуурь  “Барилгын салбарын зах зээлийн чиг хандлага” сэдвээр, Бизнес хөгжүүлэлтийн зөвлөх Г.Болорсайхан “Барилгын брендинг ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт”, Гүйцэтгэх захирал, төслийн менежментийн зөвлөх Ө.Рэнцэндорж “Барилгын санхүүгийн модель”, Хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжээч А.Цагаанхүү “Барилгын хөрөнгө оруулалтын эрсдэл”, Барилгын менежмент, өртгийн шинжээч Д.Мяасүрэн “Барилгын өртгийн менежмент” сэдвээр илтгэл тавьсан бол Английн “Mall consultant” компанийн захирал Lance Stanbury “Англи Улс дахь мега төслийн бизнес хөгжүүлэлт”, Солонгосын “Kumkang Kind” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Bob Lee “Солонгос Улсын барилгын салбарын бизнес хөгжүүлэлт” илтгэлээрээ судалгаанд суурилсан тоо баримт,  сонирхолтой жишээ ярьсан юм.


Нетворкинг хурлын үеэр 2 удаагийн хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний “Монгол Улсын барилгын зах зээлийн чиг хандлага, өөрчлөлт” хэлэлцүүлэгт “Макс өргөө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэн-Өлзий, “Жигүүр гранд групп” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын газрын захирал Ц.Түвшинжаргал, “НБИК” ХХК-ийн төслийн удирдагч С.Баярсайхан, “Монкон констракшн” ХХК-ийн захирал Г.Батбаяр, дараагийн “Барилгын зах зээл дэх санхүү, хөрөнгө оруулалтын тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэгт БХБЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд,  “Голомт констракшн” ХХК-ийн захирал А.Ариунболд, “Таван богд проперти” ХХК-ийн захирал Р.Баттулга, “Эрхэт Монгол групп”-ийн барилга хариуцсан захирал Н.Лувсаншарав нар панелистаар оролцож чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Монголын Улсад анх удаа барилгын төслийн хөгжүүлэлтийн чиглэлээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь барилгын салбарын томоохон төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгч байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн худалдаа,  зуучлал, хуулийн гэх мэтчилэн өргөн хүрээг хамарч, нийт оролцогсдод бизнес хөгжлийн тал дээр дараагийн шатанд хэрхэн үр дүн гаргах талаар шинэ санаа, гарц гаргалгаа олох, хамтын ажиллагааны шинэ харилцаа холбоог бий болгох, танилын хүрээгээ тэлэхэд шинэ алхам болж, хөгжилтэй комеди, жааз хөгжмийн уянгат аялгуу, дуу хуур, амтат оройн зоогтой нэгэн үдшийг өнгөрөөх боломжийг олгосон юм. 

Шинэлэг, сонирхолтой үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан “Интеллект инвестмент групп” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. 























Нийтэлсэн: 2022-05-27

  • Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 45/2, МБИХ-ны байр, УБ шуудан 44/7
  • Утас: +976- 11- 330985
  • Fax: +976- 11- 330985
  • Email: info@mace.org.mn
Copyright © 2020 mace.org.mn. All rights reserved.