Япон Улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн «Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл 2-р үе шат» төслийн нээлтийн хурал боллоо. Хурлын үеэр «Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо нь зорилтот 4 үр дүнгийн 2, 3 дахь үр дүнг бий болгох үйл ажиллагааны Ажлын хэсэгт орж ажиллах болно» хэмээн Төслийн багийн ахлагч Овада Киётака онцоллоо.
Төслийн нээлтийн хуралд Холбооны ерөнхийлөгч А.Ариунболд, Хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг, Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, төслийн 1-р шатны ажлын хэсгийн гишүүн Зөвлөх инженер Б.Ганбаяр нар оролцож байна.
Тус төслийн зорилго нь «Олон нийтийн барилга байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах ажлыг хэрэгжүүлж газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах»-д оршино. Төсөл хэрэгжсэнээр 4 үр дүнг бий болгох юм.
1. Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлого, тогтолцоо, замын зургийг шинэчилж, шинээр боловсруулна.
2. Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн зураг төсөл, хүчитгэлийн зураг төсөл, барилгын хүчитгэлийн ажилтай холбоотой норм дүрэм улсын хэмжээнд хэвшиж хүртээмжтэй болно.
3. Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох төрийн албан хаагч болон зураг төсөл, угсралтын инженерүүдийн чадавх бэхжинэ.
4. Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг сайжруулахад чиглэсэн сургалт, таниулан сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавх бий болгох юм.
Төсөл 2022.04-р сараас 2026.03 сар хүртэл үргэлжилнэ.
Нийтэлсэн: 2022-04-20