Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны
Удирдах зөвлөлийн 2014 оны 1 сарын
13 өдрийн хурлаар батлав.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБООНЫ
НЭРЭМЖИТ ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.
Монголын Барилгын Инженерүүдийн холбоо (цаашид "Холбоо"
гэх) нь гишүүдийнхээ мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадвар, бүтээл, туршлагыг
үнэлж дүгнэх, дэлгэрүүлэх, тэднийг алдаршуулах замаар Холбооны дүрэмд заасан
үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг олгоно.
1.2.
Холбоо нь нэрэмжит шагналаа дараах төрлүүдээр олгоно. Үүнд:
-
Шилдгийн шилдэг инженер
-
Шилдэг гишүүн байгууллага
-
Шилдэг гишүүн
-
Оны шилдэг бүтээл
-
Оны шилдэг инженер
-
Оны шилдэг залуу инженер
-
Оны шилдэг оюутан
-
Хүндэт өргөмжлөл
-
Өргөмжлөл
1.3.
Шилдгийн шилдэг инженерийн шагналыг 5 жил тутамд нэг удаа
шалгаруулж олгоно.
1.4.
Шилдэг гишүүний төрөлд тухайн жилд Холбооны үйл
ажиллагаанд идэвхтэй оролцсон, зохион байгуулсан гишүүнийг шалгаруулна.
1.5.
Шилдэг гишүүн байгууллагын төрөлд Холбооны үйл ажиллагаанд
идэвхитэй оролцсон, тухайн жилд зохион байгуулсан арга хэмжээг ивээн тэтгэсэн,
эсвэл зохион байгуулсан нэг гишүүн байгууллагыг жил бүр, тэгш ойн жилүүдэд гурав
хүртэл гишүүн байгууллагыг шалгаруулна.
1.6.
Оны шилдэг бүтээл, Оны Шилдэг инженер, Оны шилдэг залуу
инженер, Оны шилдэг оюутан шагналыг жил бүр оюутан, залуу инженер, инженер тус
бүр хоёроос дээшгүй хүнийг шалгаруулж шагнана.
1.7.
Ажил бүтээлийн үзүүлэлтээрээ барилгын салбарт үр
бүтээлтэй ажиллаж буй инженерийг байгууллагынх нь тодорхойлолт, хүсэлтийн дагуу
Хүндэт өргөмжлөлөөр шагнана.
1.8.
Холбооны гишүүн байгууллагын тэгш ой тохиосон жилд болон
тухайн байгууллагын инженерийг тодорхойлолт, хүсэлтийн дагуу Өргөмжлөлөөр
шагнана.
1.9.
Холбоо нь нэрэмжит шагналын нэр төр, ач холбогдлыг өндөр
өргөж түүнийг шалгаруулах аргыг байнга хөгжүүлж шилдэг бүтээл, түүний зохиогч
болон оны шилдэг гишүүн, шилдгийн шилдэг шагналтнуудыг алдаршуулах, сурталчлах
арга хэмжээнүүдийг авна
ХОЁР. ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН БОЛЗОЛ
2.1.
Шилдгийн шилдэг төрөлд шагнал горилогч нь холбоонд
татварын өргүй жинхэнэ гишүүн байхаас гадна өмнө нь аль нэг оны шилдэг
инженерээр шалгарсан, холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож зохих хувь
нэмэр оруулсан, ажлын үзүүлэлт, бүтээл туршлага өндөртэй тэргүүний мэргэжилтэн
байна.
2.2.
Шилдэг бүтээлийн төрөлд шагнал горилсон бүтээл нь
шинэлэг, дэвшилттэй, техник эдийн засгийн үзүүлэлт өндөртэй, байгаль орчинд
халгүй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, асуудлыг иж бүрнээр шийдсэн
байна. Бүтээлүүд нь хэрэгжсэн, хэвлэгдсэн байх ба төсөл, дүгнэлтийн хэлбэртэй
бол батлагдсан байна.
2.3.
Оны шилдэг инженерийн төрөлд шагнал горилогч нь холбоонд
татварын өргүй жинхэнэ гишүүн байхаас гадна холбооны ажилд идэвхитэй оролцож
зохих хувь нэмрийг оруулсан, мэргэжлээрээ дагнаж 11 ба түүнээс дээш жил
ажилласан, мэргэжил дээшлүүлэлт, ажлын үзүүлэлт, бүтээл, туршлага өндөртэй
байна.
2.4.
Оны шилдэг залуу инженерийн төрөлд шагнал горилогч нь
холбоонд татварын өргүй жинхэнэ гишүүн байхаас гадна холбооны ажилд идэвхтэй
оролцож зохих хувь нэмэр оруулсан, мэргэжлээрээ дагнаж 10 хүртэл жил ажилласан,
мэргэжил дээшлүүлэлт, ажлын үзүүлэлт, бүтээл, туршлага өндөртэй байна.
2.5.
Оны шилдэг оюутан төрөлд шагнал горилогч нь холбооны
гишүүн байхаас гадна сурлагын амжилт сайтай, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажил
болон холбооны ажилд сайн оролцсон байна.
2.6.
Хүндэт өргөмжлөл, Өргөмжлөлийн төрөлд шагнал горилогч нь
холбооны гишүүн байхаас гадна ажлын амжилт, үзүүлэлтээрээ хамт олноо манлайлсан,
барилгын салбарт нэр хүндтэй үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллага
байна.
ГУРАВ. ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛД ДЭВШҮҮЛЭХ
3.1.
Шилдэг бүтээлийн шагналд төрөл бүрийн барилга,
байгууламж, зураг төсөл, шинэ материал, бүтээц, технологи, интерьер-экстерьер,
ном, сурах бичиг, экспертизийн дүгнэлт болон инженерийн оюун ухаан, арга,
технологийг хөгжүүлэхэд түлхэц болох бүхий л бүтээлүүдийг дэвшүүлж болно.
3.2.
Шилдэг инженер, Шилдэг залуу инженерт нэр дэвшигчийг оны
эхнээс эхлэн УЗ-өөс болон холбооны гишүүдээс нэр дэвшүүлж болно.
3.3.
Шилдгийн шилдэг төрлийг тухайн 5 жилийн хугацаанд шилдэг
инженерийн шагнал хүртсэн бүх инженерээс сонгон шалгаруулах ба нэр дэвшигчээс
ажил байдлын тодорхойлолт (ажлын үзүүлэлт, бүтээл, туршлага г.м)-ыг бүрдүүлж
ирүүлнэ. Энэхүү шагналыг холбооны 20 жилийн ойн баяраас олгож эхэлнэ.
3.4.
Оны шилдэг бүтээл төрөлд шагнал горилогч нь өргөдөл,
бүтээлийн тодорхойлолт, бүтээлд өгсөн дүгнэлт, шүүмж холбогдох бусад баримт
материалыг бүрдүүлж ирүүлнэ.
3.5.
Оны шилдэг оюутан төрөлд шагнал горилогч нь өргөдөл,
сургуулийн тодорхойлолт, холбооны ажилд оролцсон тайланг бүрдүүлж өгнө.
3.6.
Оны шилдэг залуу инженер, оны шилдэг инженерийн төрөлд
шагнал горилогч нь өргөдөл, холбооны ажилд оролцсон тайлан, ажил байдлын
тодорхойлолт (ажлын үзүүлэлт, бүтээл, туршлага г.м.)-ыг бүрдүүлж өгнө.
3.7.
Шилдгийн шилдэг, Шилдэг гишүүн байгууллага, гишүүн, Оны
шилдэг бүтээл, оны шилдэг инженер, оны шилдэг залуу инженер, оны шилдэг оюутан
төрөлд шагнал горилогч нь материалаа тухайн жилийн 12 дугаар сарын 05-ны дотор
Холбоонд зохих шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлнэ.
3.8.
Хүндэт өргөмжлөл, Өргөмжлөлийн шагналд гишүүн
байгууллагын тэгш ойн жилийн арга хэмжээ болон Барилгачдын баярыг тохиолдуулан
Холбоонд зохих шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлнэ.
ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАХ АЖИЛЛАГАА
4.1.
Холбооны Удирдах зөвлөлөөс шагнал горилогч бүтээл болон
гишүүнийг шалгаруулах орон тооны бус Комиссыг томилно. Комисс нь шалгуулах
бүтээл болон гишүүнийг дүгнэж шалгаруулахдаа Холбооноос баталсан журмыг
баримтлана.
4.2.
Шалгаруулах явцад шаардлагатай тохиолдолд Мэргэжлийн
зөвлөл болон шинжээчдээр дүгнэлт гаргуулж ашиглаж болно.
4.3.
Шалгаруулалтын комиссын гишүүдэд шагналд нэр дэвшигчтэй
сонирхлын зөрчилтэй байвал комиссоос түдгэлзүүлж болно.
4.4.
Шалгаруулалтын комиссын гишүүний үндэслэлгүй болон илт
тэнцвэргүй тавьсан дүнг хүчингүйд тооцож болно.
ТАВ. ШАГНАЛЫГ ОЛГОХ
5.1.
Шилдгийн шилдэг шагналд шалгарсан инженерт цом, мөнгөн
шагналаар шагнаж гэрчилгээ олгоно.
5.2.
Оны шилдэг бүтээлийн зохиогчид, Оны Шилдэг инженерт, Оны
шилдэг залуу инженерт, Оны шилдэг оюутанд гэрчилгээ, мөнгөн шагнал олгоно.
5.3.
Шилдэг гишүүн байгууллага, шилдэг гишүүнд өргөмжлөл олгоно.
5.4.
Мөнгөн шагналын хэмжээг Холбооны Удирдах Зөвлөлийн хурлаас
тогтоох ба шагналыг холбооны хөрөнгөөс гаргана.
5.5.
Оны шилдэг бүтээл, Оны шилдэг инженер, Оны шилдэг залуу
инженер, Оны шилдэг оюутан, Шилдэг гишүүн байгууллага, Шилдэг гишүүний шагналыг
тухайн жилийн холбооны шинэ жилийн баярын ажиллагаан дээр гардуулна.
5.6.
Хүндэт өргөмжлөл, Өргөмжлөл шагналыг тухайн байгууллагын ойн
арга хэмжээ, Барилгачдын баярыг тохиолдуулан гардуулна.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО