Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

"Барилгын Инженерийн ёс зүйн дүрэм" шинэчлэгдэн батлагдлаа.

  • 2020-02-06 14:23
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо ТББ нь 2009 онд тухай үеийн Ерөнхийлөгч Э.Ганзориг, УЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Я.Дүйнхэржав нарын санааачлагаар анхны "Барилгын инженерийн ёс зүйн дүрэм" боловсруулсан билээ. Энэхүү дүрмийг 2019 онд Удирдах зөвлөлийн гишүүд дүрмийг сэргээх, шинэчлэх, өнөөгийн барилгын инженерийн үүрэг, үйл ажиллагаанд чиглэсэн байдлаар дахин боловсруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийн дагуу шинэчлэн боловсруулсан юм. 

Энэхүү дүрмийг боловсруулахдаа АНУ, Япон зэрэг хамтын ажиллагаатай гадаадын холбоодоос гаргасан Барилгын инженерийн ёс зүйн дүрэм болоод манай салбарын зарим ТББ-ын гишүүддээ мөрдүүлж байгаа ёс зүйн дүрмүүдийг харьцуулан судлах замаар үзэл баримтлалаа гаргасан бөгөөд гол баримжаа чигээ Америкийн Барилгын Инженерүүдийн Холбооны  (ASCE Code Ethic) -г  баримталж боловсруулсан болно. Барилгын инженерийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлснээр дараах гурван ач холбогдолтой. Үүнд:

- Барилгын инженерийн үйл ажиллагаанд баримтлах нийтлэг зарчим, хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоож өгснөөр инженерүүдийн сэтгэлгээ өөрчлөгдөнө. 

- Барилгын инженерийн хүлээх үүргийг маш тодорхой, нарийвчлан гаргаж өгснөөр энэ дүрэмд орсон зүйл, заалт бүрийг биелүүлж, хэрэглэхэд дөхөмтэй болгосны зэрэгцээ инженер үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд ёс зүйтэй явуулахад туслах  гарын авлага нь  болно.

- Инженерийн үүргийг хэм хэмжээ болгон тодорхой зааж өгснөөр түүнийг хэрэгжүүлж ажиллах эрмэлзлэл, хүсэл зоригийг инженерүүдэд өгөх болно.

Дүрэм нь Ерөнхий зүйл, Нийтлэг үндэслэл, Инженерийн ёс зүйд баримтлах үндсэн зарчим, Инженерийн ёс зүйн хэм хэмжээ, Ёс зүйн дүрмийг мөрдөх, хэрэгжилтэд хяналт тавих, Ёс зүйн зөрчил гаргагчид хүлээлгэх хариуцлага гэсэн зургаан  зүйл, 70 заалтаас бүрдэнэ. 

Холбооны нийт гишүүн байгууллагуудын болон хувь гишүүн инженерүүд та бүхнийг энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллахыг уриалж байна. 


БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


МОНГОЛЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕРҮҮДИЙН ХОЛБОО