Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо

Холбооны 10 дугаар Их хурал амжилттай боллоо.

  • 2019-06-18 14:18
  • Улаанбаатар хот

Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дүрмийн дагуу ээлжит 10-р Их хурал 6 дугаар сарын 12-нд боллоо. Хуралд гишүүд, гишүүн байгууллагуудын төлөөлөл болох 160 гаруй төлөөлөгчид оролцов. Холбооны 10 дугаар Их хуралд БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, БХТ-ийн захирал Ц.Амарсанаа нар хүрэлцэн ирж, барилгын салбарын инженерүүдийн төлөөлөл болон холбооны гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэв.



Мөн Их Хурлын үеэр холбоог болон барилгын салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Ачит Ихт" ХХК-ийн үйлдвэрийн захирал Ц.Энхбаяр, "Конконсалтинг"ХХК-ийн зөвлөх Б.Баасанжав, "Монгол овоо" ХХК-ийн захирал Н.Төмөрбаатар, Ахмад барилгачин, Дэд хурандаа О.Жандал нарыг холбооны "ХҮНДЭТ ГИШҮҮН"-ээр өргөмжлөв. 2018-2019 онд шинээр гишүүнчлэлээр элссэн байгууллагуудад Гишүүнчлэлийн гэрчилгээг гардууллаа.


Их хурлаар 2017-2019 оны үйл ажиллагааны тайланг 2017-2019 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Б.Мөнхбаяр, санхүүгийн тайланг Гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, Хяналтын зөвлөлийн тайлан дүгнэлтийг ХЗ-ийн дарга Д.Ганчимэг нар сонордуулав. Их хурлын төлөөлөгчид тайлантай танилцаад өнгөрөгч 2017-2019 оны үйл ажиллагааг хангалттай сайн ажилласан байна гэж дүгнэв. Мөн тайлан болон цаашид хэрэгжүүлэх зорилтын  талаар гишүүд өөрсдийн саналаа илэрхийлэв.


Их хурлын үеэр 2019-2021 онд ажиллах Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгон батлав. Холбооны дүрмийн 6.5.5-д зааснаар эрх бүхий УЗ-ийн гишүүдийн 50-иас доошгүй хувийг сонгох юм. 2017-2019 онд ажилласан нийт 21 УЗ-ийн гишүүдийн нууц санал хураалтаар 11 гишүүнийг үргэлжлүүлэн ажиллулах саналыг Их хурлаар батласан бөгөөд үлдсэн 10 гишүүний орон тоонд  Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлсэн 26 нэр дэвшигчдээс 10 гишүүнийг сонгов. Сонгогдсон УЗ-ийн гишүүдийн 90.4 хувийн ирцээр анхны хуралдаанаа хийж, 2019-2021 онд ажиллах Ерөнхийлөгчөөр "Ган ганжир консалтинг" ХХК-ийн захирал, МУЗИ Ц.Ганбатыг сонголоо.


Холбооны 10 дугаар Их хурлаас 2019-2021 онд хэрэгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд дараахь саналуудыг тусган ажиллах шийдвэр гарав.

1.    Холбооны менежмент, үйл ажиллагааг сайжруулж олон улсын жишигт хүрсэн мэргэжлийн байгууллага болгож хөгжүүлэх 2019-2021 оны стратегийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх

2.    Салбарын мэргэжлийн холбоодтой идэвхитэй хамтран ажиллах замаар салбарын бодлого, эрх зүйн орчинг өөрчилж сайжруулах, хэрэгжүүлэх ажилд оролцох оролцоогоо ихэсгэж эзлэх байр сууриа бэхжүүлэх

3.    Инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох тогтолцоог шинэчлэх, хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн холбооны хувьд голлох үүрэгтэй ажиллах

4.    Холбооны дэргэд барилгын салбарын инженер, мэргэжилтнүүдийг хамруулсан бүрэн судалгааны бааз, эх сурвалжтай болох

5.    Судалгаанд тулгуурлан мэргэжлийн сургалтуудын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх, барилгын салбарын инженерүүдэд чиглэсэн шинэлэг бөгөөд тэдгээрийн  эрэлт хэрэгцээнд тулгуурлсан үйл ажиллагааг явуулах. 

Энэ удаагийн хурлын сонгуулийн үйл ажиллагааг "Добу технологи" ХХК-тай хамтран зохион байгуулж, цахим системээр сонгуулийн болон хурлын үеэр санал хураалтын үйл ажиллагааг зохион байгуулсан нь цаг хэмнэсэн, шинэлэг үйл ажиллагаа болсныг их хурлын төлөөлөгчид илэрхийлэв.


Мөн 2019 оны уулзалт буюу 10 дугаар Их урлын үйл ажиллагааг "М Си Эс Проперти" ХХК, "Мегамакс групп" ХХК, "Монкон констракшн" ХХК-иуд дэмжин ажилласан бөгөөд дэмжин ажилласан компаниудын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.